Аймгийн ЗДТГ-ын төрийн мэдээллийн төвд “Оюуны шим” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Цэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Оюуны шим” өрхийн эрүүл мэндийн төв нь Хэрлэн сумын дөрөв, тавдугаар багийн 9500 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг 3 эмч, дөрвөн сувилагч, 3 туслах ажилтантайгаар хүргэдэг. Шинэ он гарснаас хойш томуугийн дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан тус өрхийн эмнэлэг нь нэгдүгээр сарын 8-наас эхлэн даваагаас - баасан гарагт 08:30 - 19:30 цаг хүртэл уртасгасан цагаар, бямба гараг бүр 10:00 цагаас 16:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлээд томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр гэрийн эргэлтийн үзлэгт шилжжээ. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сарын 28-наас хойш 0-2 насны 380 хүүхдийг гэрээр эргэж, 34 томуу, томуу төст өвчин илрүүлж эмчилгээ хийж, зөвлөмж хүргэжээ.
Тус төвд 2020 оны нэгдүгээр сарын нэгдүгээр эхний долоо хоногт томуугийн өвчлөл нийт үзлэгийн 4 хувь, хоёрдугаар долоо хоногт 2,5 хувь, гуравдугаар долоо хоногт 4,8 хувь, дөрөв дэх долоо хоногт 27,4 хувь, тав дахь долоо хоногт 40,8 хувь болж нэмэгджээ. Харин өнөөдрийн байдлаар томуугийн өвчлөл 13,5 хувьтай байгааг албаны эх сурвалж дуулгалаа. Өрхийн эмнэлгийн эмч нар хөнгөвчлөх тусламж үйлчилгээг /хавдар болон төгс эмчилгээгүй хүнийг гэрээр эргэж тусламж үзүүлэхийг/ 11 хүнд хүргэж, өдрийн эмчилгээгээр 18 хүнийг эмчилжээ. Мөн иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Шаардлагагүй бол гадуур явахгүй, хүүхдээ авч зорчихгүй байх
- Гэртээ, албан тасалгаандаа агааржуулалт, чийгшүүлэг, ариутгал хийх
- Амаа тогтмол зайлах
- Хүүхдээ дулаан хувцаслах
- Илчлэг сайтай хоол өгөх
- Хүүхдүүддээ шингэн сайтар уулгахыг зөвлөж байна.
А.Саранцэцэг