Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд аймгийн Засаг даргын харьяа агентлаг, хэлтсүүд, албан байгууллагын дарга, эрхлэгчид нийлсэн 50 гаруй хүн оролцож, Хурлыг аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар удирдан явууллаа.
Хурлаар аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргийн нөхцөл байдлын тухай, Онцгой байдлын газраас Өвөлжилтийн нөхцөл байдлын тухай, Нэгдсэн эмнэлгээс Томуу, томуу төст өвчний тархалтын талаар, Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс тус тус мэдээлэл хийлээ
Аймгийн ЦГ-ын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Т.Лхагвадорж: 62 ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН НЬ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙНХЭЭС 8 ХЭРГЭЭР БУЮУ 12,9 ХУВИАР БУУРСАН
Хэнтий аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын бүртгэгдсэн /20-ны байдлаар/ өргөдөл, гомдол, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг Цагдаагийн газраас танилцууллаа. Цагдаагийн газар иргэд, байгууллага, албан тушаалтнаас 216 гомдол мэдээлэл хүлээн авч, шалган шийдвэрлэж байна. Үүний 71 буюу 32,8 хувь гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол байгаа бөгөөд үүнээс 62-т хэрэг нээж, 5 буюу 7 хувьд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзжээ. Тэгвэл 62 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хэргээр буюу 12,9 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 32,5 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 6,2 хувиар нэмэгджээ. Нийт бүртгэгдсэн 62 хэргээс өмчийн хулгай 32, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14 гарсан, бөгөөд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 9 бүртгэгджээ. Харин зөрчлийн хувьд захиргааны журмаар баривчлагдсан 28, жолоодох эрх хассан 20, шийтгэврээр торгосон 29, эрүүлжүүлэгдсэн 71 тохиолдол гарчээ. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.
Мөн улсын хэмжээнд ЦЕГ, Монголын банкируудын холбоо, Монгол банктай хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлснийг дуулгалаа. Аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх, иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилах гэмт хэргийг буруулахыг зорьжээ.
Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам нэмэгдсээр байгаа юм. Иймд болзошгүй залилан, луйвраас иргэдийг хамгаалахад хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийж эхэлжээ.
Мал эмнэлгийн газраас Цагдаагийн газартай хамтран мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим хяналтын системийг нэвтрүүлэн ажиллаж байгааг албаны эх сурвалж дуулгалаа.
Хуралд оролцогчид нэмэлтээр мал хулгайлах гэмт хэргийн талаар лавлахад Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү Эрүүгийн хуулийннэмэлт өөрчлөлтөөр 17.12.2-т заасан олон тооны мал гэдгийг тодотгож, найман бог, хоёр бодоос дээш мал хулгайлсан бол 2-8 жил хорих ял, 1 бод долоон бог хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ. Нэмэлт өөрчлөлтөөр 3.1-т заасан амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан бол хүндрүүлэх нөхцөлөөр найман жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ. Хуульд “Нийтэд тустай ажил хийлгэх” гэдгийг хассан. Ингэснээр ганц ч бай олноор нь ч бай малын хулгай хийсэн л бол хорих ялаар шийтгэнэ гэдгийг мэдээлэв.
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА
Үүний дараа аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар хуучнаар Хүнсний үйлдвэр буюу Хангал компанийн байртай холбоотой асуудлаар зарим ТББ-ууд, иргэд, албан бичгээр болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан хандах болсон. Үүнд, аймгийн Засаг дарга Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Татварын хэлтэст үүрэг даалгавар өгч яаралтай шийдвэр гаргахыг үүрэг болгосон. Нэгдүгээрт, тухайн нурсан барилга үл хөдлөх хөрөнгө мөн эсэхийг тогтоох. Хоёрдугаарт, газрын төлбөр төлөөгүй нь тогтоогдсон. Үүнд хуульд заасан арга хэмжээг авах. Гуравдугаарт, өмчлөлийг нарийвчлан тогтоож эзэнтэй холбоо барих, татвар, хураамж төлөөгүй нь тогтоогдсон, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн учраас яаралтай арга хэмжээ ажиллахыг анхааруулав.
АЙМГИЙН ОБГ-ЫН ДАРГА, ДЭД ХУРАНДАА Н.ЧАНЦАЛ: БАЯН-АДРАГА, БОР-ӨНДӨР, БАЯНХУТАГ, ЖАРГАЛТХААН СУМД ӨВС, ТЭЖЭЭЛЭЭ ТАТАЖ АВААГҮЙ БАЙНА
Н.Чанцал: Хэнтий аймагт 8,8 мянган малчин өрх 4,8 сая толгой малтай өвөлжиж байна. Онцгой байдлын газарт малын хорогдлын талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. МУ-ын ерөнхий сайд 12 сум, нэг тосгонд өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Улсын Онцгой комисс, хүмүүнлэгийн тусламжийн газраас 360 тонн өвс үнэ төлбөргүй, 271 тонн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн. Бүх сумдаас нөөцийн өвс тэжээлийн баталгааг харгалзан үзсэн. Гэхдээ сумддаа жигд хуваарилж, 800 боодол буюу 16 тонн өвс, 5 тонн тэжээлийг олгож байна. Өнөөдрийн байдлаар Баян-Адрага, Бор-Өндөр, Баянхутаг, Жаргалтхаан сумд өвс, тэжээлээ татаж аваагүй байна гэв.
Өвс тэжээл сумдад хүргэх ажилд ОБГ-аас 41 тээврийн хэрэгсэл гарч ажиллан 16 сая төгрөг зарцуулжээ. Өнгөрсөн долоо хоногт объектын гал түймэр хоёр гарсан байна. Тухайлбал, Баян-Адрага сумын Эмийн эргэлтийн сангийн барилга, Хэрлэн суманд нэг өрхийн гэр шатжээ. Үүн дээр аймгийн ЦГ, ОБГ ажиллаж байгаа аж.
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Т.УРНАА: АМНЫ ХААЛТАА ХОЁР ЦАГ ТУТАМД СОЛИХГҮЙ БОЛ ХАЛДВАРЫН ҮҮСВЭР БОЛЖ, ТАРХАХ МАГАДЛАЛТАЙ
НЭ-ийн дарга Т.Урнаа: Нэгдсэн эмнэлгээр өнгөрсөн долоо хоногт 30-35 хүүхэд эмчлэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар 31 хүүхэдтэй байна. Хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хоёр сартайгаас хоёр настай хүүхдүүд. Сургуулийн насны хүүхдүүд өвчилж ирж байна. Амбулаториор үзүүлж буй хүүхдийн тоо дунджаар 60-70, өнөөдрийн байдлаар 80-д хүрлээ. Яаралтай тусламжийн дуудлага нэг хоногт 30-38, үүний 50-55 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлдэг. Амбулаторидоо хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ.
Түүнчлэн тэрээр сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарт хандан сурагчдадаа амны хаалт зүүж хэвшүүлэхийг анхаарууллаа. Мөн ахмад настан, жирэмсэн эхчүүд, ханиад, томуу хүрсэн иргэдийг амны хаалт, маск тогтмол зүүхийг анхааруулав. Гэхдээ амны хаалтаа хоёр цаг тутамд солихгүй бол халдварын үүсвэр болж, тархах тухай мэдээллээ. Нөгөөтээгүүр, СӨБ, ЕБС-ийн эмч нарыг үзлэг сайтар хийхийг зөвлөв. Ханиад хүрч өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулаад байлгүй ар гэрт нь зөвлөгөө өгч, эмчилгээ хийлгэж, аарц цагаа, сармистай шөл өгч, дулаан байлгаж, дулаан хувцаслахыг захилаа. Ингэснээр томуу, томуу төст өвчин дэгдэх, тархахаас сэргийлж чадна. Томуу томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд харьцангуй буурах хандлагатай 9,2 хувьтай, манай аймагт 10 хувьтай байна гэлээ.
ЗУРАГ ТӨСӨВ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ АЖЛУУДЫГ ЖАГСААЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ Хэнтий аймагт 2020 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 65, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 102 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Улсын, орон нутгийн төсөв, аймгийн ОНХС-ын хөрөнгө оруулалтад батлагдсан зураг төсөв ирүүлэх шаардлагатай ажлуудыг жагсааж, холбогдох байгууллагуудад яаралтай ирүүлэхийг үүрэг болгож, нэгдүгээр сарын 20-ноос эхлэн тендерүүдээ зарлаж эхэлснийг мэдэгдлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил арга хэмжээний зураг төсвийг ихэнх байгууллага ирүүлсэн. Эрх нь ирэх 2 дугаар сарын нэгэнд ирэхээр Засгийн газрын хуралдаанаар ороход бэлтгэл ажил хангагдаж байна гэв.
Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дара С.Нямдаваа “- 2019 оны тайлан баланс гаргах бэлтгэл ажлыг хангаж, удирдамж чиглэлүүдийг бүх сумд, төсвийн байгууллагуудад хүргэсэн. Бүх байгууллагуудын тайлан аудитаар баталгаажсан тохиолдолд аймгийн нэгдсэн тайлан гарна. Тэгэхээр хуулийн хугацаанд санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргуулж ирэх шаардлага байгааг ухамсарлах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ энэ сарын найманд баталгаажиж, Сангийн яаманд хүрсэн. Төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр өнгөрсөн жил гурван сум, хоёр тосгоны зургаан байгууллага 0,2-1,6 сая төгрөгийн өглөгтэй гарсан. Тухайлбал хоёр эрүүл мэндийн төв 0,2-0,3 сая, Баян-Адрага сумын ЗДТГ 0,2 сая төгрөг, Мөрөн сумын Соёлын төв 0,2 сая төгрөг, Гурванбаян тосгоны сургууль 1,6 сая төгрөг, Хэрлэнбаян-Улаан тосгон 1,4 сая төгрөг, харин аймгийн төвд Орон нутгийн судлах музей 7,6 сая төгрөгийн өглөгтэй гарсан. Эдгээр байгууллагуудад аймгийн нэгдсэн санхүүгийн тайлан гарсны дараа хариуцлага тооцно гэж” мэдэгдлээ. Мөн аудитын явцад өглөг үүсдэг, зөрчил илэрдэг. Төсвийн захирагч нарт зөвхөн сануулах арга хэмжээ авахад бүтэн жилийн үр дүнгийн урамшууллаас хасагдахыг анхааруулж, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.
2020 онд Төрийн сангийн үйл ажиллагааны журам шинэчлэгдэж, шинэ журмаар үйл ажиллагаагаа явуулах аж. Тухайлбал, Төсвийн санхүүжилтийн зарцуулалтын эрхийн журам, Амлалтын бүртгэлийн журам, Төрийн сангийн төлбөр тооцооны журам, Төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлангийн журам, Санхүүгийн тайлан тодруулгын журам зэрэг таван журмууд шинэчлэгдэж байна. Түүнээс гадна улсын хэмжээнд Төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг дагалдсан заавар, журмыг гаргах хэлэлцүүлэг нь дууссан. Систем нэвтэрвэл цаашдаа бүх байгууллага цалингийн нэгдсэн системээр цалингаа бичих тухай мэдэгдэв.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАН АЖИЛЛАНАТөрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга: МУ-ын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 23-ны 37 дугаар тогтоолоор Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг баталсан. Энэхүү журмаар төрийн захиргааны болон төрийн тусгай байгууллагууд гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэгдүгээр сарын нэгний дотор багтааж харьяалан захирагдах төсвийн Ерөнхийлөн захирагчид хянуулахаар заасан. Үүнтэй холбогдуулан оны өмнө хэд хэдэн чиглэл та бүгдэд хүргэсэн. Ирэх хоёрдугаар сард Засаг даргын хэрэгжүүлэгч 22 агентлаг аймгийн Засаг даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулна. Тус гэрээг өмнө нь аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтсүүдээр хянуулахыг үүрэг болголоо. Өмнөх жилүүдэд байгууллагын дарга нар аймгийн Засаг дарга даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг байсан.
Гүйцэтгэлийн төлөвлөгөө таван үндсэн чиглэлтэй. Тухайлбал, эхний үндсэн чиг үүрэг нь бодлогын баримт бичиг хэрэгжүүлэх зорилттой аж. Энэхүү зорилтын хүрээнд “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичиг-2026”, “2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”, “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” хэрэгжүүлэх үүрэгтэйг дурдлаа.
Тэрбээр мөн “-Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 2016 онд давхардсан тоогоор 40 гаруй мянган иргэд үйлчлүүлж байсан. Өнгөрсөн жил 90 шахам мянган хүн үйлчлүүлж байна. Өнгөрсөн 2017, 2018, 2019 оны туршлагад үндэслэн хэлэхэд Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс мэргэжилтнүүдээ дотоод ажил, сургалт, семинартаа татдаг хэрнээ оронд нь хүн суулгадаггүй учраас иргэдээс гомдол гардаг. Тиймээс аймгийн Засаг даргын журмыг харьяа хэрэгжүүлэгч агентлагууд биелүүлэх үүрэгтэй. Төрийн нэгдсэн төвд ажиллаж байгаа ажилчид, чөлөөтэй, ээлжийн амралттай, бусад асуудлаар байхгүй тохиолдолд түр ажиллах албан хаагчийг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч нэн даруй томилж ажиллах үүрэгтэй, үүнтэй холбоотой 2019 онд 5 гомдол гарсан” хэмээгээд үүргээ биелүүлж ажиллахыг хатуу анхааруулав. Өнгөрсөн долоо хоногт тус төвөөр давхардсан тоогоор 1356 хүн үйлчлүүлжээ.
Ж.Гантулга үргэлжлүүлээд шинэ долоо хоногт 7056-3111 тусгай дугаарын утсан дээр халаалттай холбоотой нэг гомдол, Хэрлэн суманд эзэнгүй нохой хүн урсан, Бор-Өндөр суманд 14 хоногт газар шилжүүлэх үйлдэл хийхгүй, хоёр сар болж байгаатай холбоотой нэг өргөдөл, Галшар суманд ЭМТ-ийн их эмчийн ёс зүйтэй холбоотой гомдол ирснийг танилцуулж, холбогдох газруудад гомдлыг барагдуулах үүрэг өглөө.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар хурлын төгсгөлд албан байгууллагын дарга нарт гурван чиг үүрэг өглөө.
Нэгдүгээрт, Хүнсний үйлдвэрийн барилгын үл хөдлөх хөрөнгийн лавлагааг үндэслэн газар чөлөөлөх асуудлыг дэвшүүлэх,
Хоёрдугаарт, Албан байгууллагуудыг бараа үйлчилгээ, шатах тослох материалаа аймгийнхаа ААН, компаниудаас худалдаж авах,
Гуравдугаарт, Хөрөнгө оруулалт, тендер шалгаруулах үйл ажиллагаандаа орон нутгийн компаниуддаа давуу эрх олгох замаар ажлын байр, орлого нэмэгдүүлэхдээ анхаарч ажиллах, Байгууллагынхаа худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын мэдээллийг харьяа газартаа шуурхай хүргэхийг үүрэг даалгавар болгов.
Хурал өндөрлөсний дараа байгууллагын дарга эрхлэгчдэд, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтсээс сургалт явууллаа.
Сурвалжилсан: С.Ган-Эрдэнэ