Худалдах, худалдан авах гэрээ, сүлжээний бизнесээр халхавчилсан залилах төрлийн гэмт хэрэг манай улсад ихэсч байна. Жил бүр өсч буй энэ үзэгдэлтэй хууль хяналтын байгууллага хэрхэн тэмцэж байгаа талаар Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Амарбаттай ярилцлаа.
-Манай улсад залилангийн гэмт хэрэг ямар түвшинд очсон бэ?
-Залилах гэмт хэрэг таван жилийн өмнө 1843 бүртгэгдэж байсан бол 2019 онд 7821 бүртгэгдэж, 2014 оноос хойш 6,3 дахин өссөн байна. Залилах төрлийн гэмт хэрэг 2017 оноос эрчимтэй өсч 2019 онд манай улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 16 хувийг эзэлж байна.
-Залилангийн гэмт хэргийг дотор нь задалж үзвэл?
-Хамгийн их бүртгэгдэж байгаа залилах гэмт хэргийн төрлөөс эрэмбэлж яривал хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих барьцаалахтай холбогдсон буюу иргэд иргэдтэйгээ харьцсан, иргэд аж ахуйн нэгжтэй харьцсан, өндөр хүүтэй мөнгө зээлэх, өрийн барьцаанаас аливаа объектийг чөлөөлж дахин зээл олгох зэрэг байдлаар иргэдийг залилах гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдэж байна.
Иргэдийн гадаад улс оронд ажиллах хүсэл эрмэлзэл дээр дөрөөлж виз гаргах нэрийдлээр иргэдийн мөнгийг авч залилах тохиолдол их байна.
Мөн цахим орчинд үйлдэгддэг залилах төрлийн гэмт хэргүүд ихэсч байна. Эдгээр хэргээс жишээ дурдвал, иргэдийн и-мэйл, фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч хамгийн ойр дотны хүмүүс рүү нь чат бичиж мөнгө зээлж иргэдийг залилах тохиолдол маш их байна. Мөн хуурамч бичиг баримт ашиглаж хүний өмч хөрөнгийг өөрийн юм шиг итгүүлж залилах тохиолдол гарч байна.
-Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа шалтгаан нь юутай холбоотой вэ?
-Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас залилах гэмт хэргийн хохирогч болж байна. Мөн амар хялбар аргаар, хурдан хугацаанд мөнгө, эд хөрөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэл нь залилах гэмт хэргийн хохирогч болох нөхцөлийг бүрдүүлж байна. Үүн дээр нэмээд гэнэн, аливаа зүйлийг нягталж шалгадаггүй хайнга зан нь хохирогч болох шалтгаан болж байна.
-Залилангийн гэмт хэрэгтэнд хүлээлгэх хуулийн хариуцлагын тухайд?
-Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд 5-12 жилхүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Цагдаагийн байгууллага залилан мэхлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Залилах гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд ойлгуулах, таниулах зорилготой нөлөөллийн ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна. Залилах гэмт хэргийн тоо сүүлийн таван жилд маш хурдтай өссөн учраас Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нөлөөллийн арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулахаар болсон юм. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирогч нарыг судалж үзэхэд нэг тал нь ятгалт, нөгөө тал нь нягтлаагүй байдал ажиглагдаж байгаа юм. Тийм учраас бид нөлөөллийн арга хэмжээгээ “ЯТГАХ тусам НЯГТАЛ” гэж нэрлэсэн.
Манай аймгийн хэмжээнд залилах гэмт хэрэг 2017 онд 11 бүртгэгдэж байсан бол 2018 онд 29 бүртгэгдэж урьд оноос 3,5 дахин өссөн. 2019 онд 49 бүртгэгдэж урьд оноос 68,9 хувь буюу 1,3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хэнтий аймаг дахь цагдаагийн газар өнгөрсөн оны залилах гэмт хэргийн 59,2 хувийг илрүүлсэн. Энэ гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал гэдгийг онцолмоор байна. Цаашлаад гэмт хэрэг үйлдэж буй аргыг мэдэж авснаар залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдэл төрөхөөс гадна сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл багасна. Энэхүү “ЯТГАХ тусам НЯГТАЛ” нөлөөллийн арга хэмжээг явуулснаар иргэдийг залилах гэмт хэрэгт хохирохгүй байх дархлаатай болгохоор зорьж байгаа юм.
-Залилангийн гэмт хэргийн гол хэрэгсэл бол мөнгө. Тэгэхээр мөнгөний урсгал дотооддоо байдаг гэсэн үг үү?
-Ер нь бол тийм ээ. Алс холын Америкаас, урд хөрш Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахын тулд тив, улс алгасан зорчих ямар ч шаардлагагүй болж, гэрийнхээ хажуу дахь дэлгүүрээс худалдан авалт хийхээс амархан болсон нь цахим худалдааны онцлог. Тэгвэл олон улсын худалдааны сайтаас цахимаар худалдан авалт хийх явцад гэмт хэргийн хохирогч болсон хэд хэдэн тохиолдол гарсан. Тодруулбал, цахим худалдааны болон төлбөрийн вэб сайтыг дуурайлган хийсэн хуурамч вэб сайтыг ашиглах, эсвэл хакерууд цахим худалдааны явцад цахим худалдаа явуулдаг компанийн дансны дугаарыг өөрчилж өөр данс руу шилжүүлэг хийлгэсэн хэрэг гарсан байдаг. Тэгэхээр худалдан авалт хийж байгаа иргэн энэ тохиолдолд баталгаа болгож заавал утсаар нь лавлаж асуух ёстой болж байгаа юм.
-Иргэд хохирогч болохгүйн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Иргэд залилах гэмт хэргээс өөрийгөө болон ойр дотны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ 100 хувь хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна. Үүнд:
-Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, “түрээслэх, түрээслүүлэх”, “барьцаалах”тохиолдолд тухайн этгээд хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг, ШШГ байгууллагад хураагдсан эсэхийг, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн эсэхийг нягталж байх. Мөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө борлуулах гэж байгаа бол тухайн иргэн, аж ахуйн нэгж худалдан авах санхүүгийн эх үүсвэртэй эсэхийг шалгаж байх
-Гадаад улсын визийг хувь хүн хэзээ ч гаргах боломжгүй, заавал төлөөлөн гүйцэтгэх байгууллага гаргадаг гэдгийг анхаарч хувь хүнд энэ зорилгоор мөнгө шилжүүлэн өгөхгүй байх.
-Фэйсбүүкээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа туслаач гэсэн зурвас ирсэн тохиодолд утсаар, танил хүмүүсээр дамжуулан лавлаж байх
-Танд итгэл төрүүлж байгаа бичиг баримт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нягталж шалгасны дараа эд хөрөнгө, мөнгөө шилжүүлж байх
Хамгийн сүүлд хэлэхэд аливаа хүн таныг ятгаад л байгаа бол та нягталж сайн үзээрэй гэж хэлмээр байна. Ямартай ч таны мөнгийг өсгөж өгье гэсэн сүлжээний бизнест хууртахгүй байх, мөн судалгаагүйгээр танихгүй хүнд итгэж гэрээ хэлцэл хийлгүй, мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр маш сайн судалж шалгах хэрэгтэй. Маш энгийн жишээ дурдахад, хүн өөрөөс шалтгаалахгүйгээр ямар нэг гэмт хэрэгт санамсаргүй байдлаар холбогдох тохиолдол байдаг. Гэтэл залилангийн гэмт хэргээс хүн өөрийгөө 100% хамгаалах бүрэн боломжтой. Шалгаад, нягтлаад үзэхэд л хангалттай.
Д.Одонтунгалаг