Төрийн өндөр алба хашаад тугаа мандуулж явсан цөөнгүй улстөрч өнөө, маргаашгүй саатуулагдчих гээд сандарч сууна. Эвгүй хөдөлгөөн гаргаж, хэнэггүй үг унагах төдийд л хэрэгтний ширээнд суухад бэлэн байгаагаа мэдэрсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй асангууд Монголоо тойрон амьдарсаар багагүй хугацаа өнгөрлөө.
Ингээд цагтаа хэн бүхний хэрэгтэй, чухал хүн нь байж, мандаж явсан ч хариуцаж байсан ажлаасаа болж өнөө маргаашгүй хоригдох гээд сандарч яваа зарим улстөрч, төрийн өндөр албан тушаалтныг сануулъя.
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр орж ирдэг л юм бол хууль, хяналтын байгууллагынхан баривчлан саатуулах тушаал аваад багагүй хугацаа өнгөрч байна. Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажилласан тэрбээр өдгөө эх орондоо нүүр бардам, сэтгэл тэнүүн ирэх боломжгүй гаднын орнуудаар амьдарч байна.
Түүнийг прокурорын байгууллагаас Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой байж болзошгүй, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлснийг албаны эх сурвалжууд онцолж буй. Цагтаа “Хууль дуудвал зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очно” хэмээж асан Ц.Элбэгдорж улс төрийн нөхцөл байдал өнөөгийнхөөс өөрчлөгдөж, түүнд таатай нөхцөл бүрдэх хүртэл Монголдоо ирэхгүй ч байж мэднэ.
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг эрх ашгийн зөрчилтэйгээр байгуулсан хэрэгт буруутган АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас яллагдагчаар татаад буй. Ч.Сайханбилэгийн ойрын эх сурвалж түүнийг өдгөө гэр бүлийн хамт АНУ-д амьдарч байгаа гэж буй ч тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр БНСУ-д эмчлүүлэх зөвшөөрөлтэйгээр хилийн хоригоо цуцлуулсан байдаг. Цагтаа Монголын хамгийн залуу, боловсролтой улстөрчийн нэг гэгдэж асан түүнийг хэрэгтний эгнээнд нэгтгээд буй хэргийг эргэн сануулъя.
Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон. Энэхүү Монгол Улсад ойролцоогоор долоон тэрбум ам.долларын хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр нарыг холбогдуулан шалгаж буй. Түүнчлэн түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг бусдад шилжүүлэхэд эрх мэдэл, албан тушаалаа ашигласан хэмээн буруутгадаг. Энэ мэт түүнд хамаарах хэргүүдийг шалгаж байсан хууль хяналтынхан Ч.Сайханбилэгийг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр татан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар сулласан байдаг. БНСУ-г зориод удсан Ерөнхий сайд асаныг хуулийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай албан ёсны зар цацсан. Уг үйлдэлд Ч.Сайханбилэг “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү” хэмээн өөрийн цахим хуудсаар мэдэгдэл хийсэн юм. Гэхдээ яг ийм мэдэгдлийг өнгөрсөн арванхоёрдугаар сард мөн цахим хуудсаа ашиглан хийж байсан ч тэр өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байна.
САНГАЖАВЫН БАЯРЦОГТ
Оффшор бүсэд өөрийгөө Монгол Улсын харъяаллын бус иргэн хэмээн тэмдэглүүлж, их хэмжээний ам.доллар хадгалуулаад мартсан нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын баримтаар дэлхий нийтэд ил болж байсан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт хууль хяналтынхны хараанд нэлээд удаж буй.
АТГ-аас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг 2018 оны сүүлчээс хойш Оюутолгойн гэрээг хийхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж буй. Өнгөрсөн оны өдийд С.Баярцогтыг оффшор болон Оюутолгойн гэрээний асуудлаар шалгах явцад шинэ үйлдэл илэрсэн тул цагдан хорих шаардлагатай гэж үзэж, цагдан хорьж байлаа. Энэ мэтээр түүнийг өнгөрсөн онд хоёр ч удаа саатуулан шалгаж байсан ч өдгөө түүнд хамаарах хэрэг хамтрагчид нь “эзгүй” шалтгаанаар гацчихаад байгаа.
Тэрбээр оффшор бүсэд мартсан хадгаламжтай холбоотой асуудлынхаа хэргийг хаалгахаар хууль, хяналтын байгууллагынхантай хамтран прокурорт удаа дараа хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй юм. Түүнд Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредит свис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1.412.982 ам.доллар 2008 онд байршуулсан, 2009 онд дээрх банкан дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9.200.000 ам.долларын орлогын гүйлгээ хийж, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний хөрөнгө олсон, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн давхар шалгаж байгаа билээ.
ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ
Улаанбаатар хотын мээр асан, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүл Ардчилсан хувьсгал ялсан өдрөөрөө шүүх танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарыг гүтгэсэн хэргээр шүүгдэж буй зураг сүүлийн хэд хоногийн сонин хачны нэг байлаа. Хотын мээрийн албан тушаалаа өгснөөсөө хойш шүүх, хууль, хяналтын хаалга татаж яваа түүнийг Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн “Хөх цавын цемент”, “Байшин үйлдвэрлэх комбинат”, Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх гэх мэт 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэй холбоотой албан тушаалын асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж буй. Түүнчлэн хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нар нь албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд шалгасан юм.
Тодруулбал, Б.Чулуудайн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл нь эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан асуудал шалгагдаж буй. Үүний дээр түүнийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дагаж ирсэн “Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой байж болзошгүй” гэх асуудал багагүй хугацаанд “зовоосон”. Хэдийгээр түүнийг уг хэрэгт хамааралгүй хэмээгээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч буй ч хэзээ ч сөхөгдөж мэдэх асуудлынх нь нэг яах аргагүй мөн билээ.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан хувьсгал ялахад өндөр үүрэгтэй оролцож явсан Э.Бат-Үүлийг хууль, хяналтын байгууллагынхан илүү үйлдэл хийх, ирэх сонгуулийн тухай бодох завгүй болтол нь шалгаж, ээрч буй гэсэн үг.
Б.БЯМБАСАЙХАН
Засгийн газраар хэлэлцүүлэлгүй Дубайн гэрээг хийсэн, ингэхдээ албан тушаалаа уруулан ашигласан байж болзошгүй хэргээр АТГ-аас Б.Бямбасайханд эрүү үүсгэн шалгаж, цагдан хорьж байлаа. Дээр нэр дурдсан улстөрчдийг бодвол нэр цэвэр явж ирсэн монголчуудын өмнөө барьдаг сайн эдийн засагчдын нэг гэгддэг Б.Бямбасайхан нь өдгөө яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд Дубайн гэрээтэй холбоотой асуудал нэг тийш шийдэгдэх хүртэл түүний нэр энэ дансанд бүртгэлтэй байх нь тодорхой юм. Түүнд хилийн хориг тавьсан хэвээр байгаа билээ.
Б.Бямбасайханы хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлж, 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй гэгддэг. Гэсэн ч мань эр 2015 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар, мөн оны есдүгээр сард “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, ёстой л ногоон гэрлээр албан тушаал дэвшсэн нэгэн.
Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн тэрбээр Азийн Хөгжлийн Банкны Манила дахь оффист олон жил ажилллахдаа Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд эх орондоо ирснийхээ дараа “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг амжилттай удирдан гүйцэтгэсэн нэгэн юм.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин