Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хороо байгуулжээ. Энэхүү түр хороо байгуулагдаад гурав хонож байгаа бөгөөд тэдний төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ц.Эрдэнэбаатар: Зээл аваагүй ахмадууддаа 3 сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна
Оны босгон дээр ахмадуудынхаа зээлийг тэглэх мэдээг орон даяар ахмадууд маань таатай хүлээж авсан. Гэтэл ялгаварлан гадуурхаж, зээлгүй ахмадуудыг хохироож, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн тогтоол гаргасанд Зээлгүй иргэдийг хамгаалах түр хороо гомдолтой байгаагаа илэрхийлж буй нь энэ хэмээн Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар мэдээллийн эхэнд хэлэв.
Гэрэл зургийг mpa.mn
Мөн тэрбээр “Монгол Улсын парламент энэ удаа ч биш хэд хэдэн удаа иргэдийнхээ эрхийг зөрчсөн. Тухайлбал, гадаадад амьдардаг монголчуудыг сонгуульд санал өгөх эрхгүй болгож, эрхийг нь хаасан буруу шийдвэр гаргасан. Харин одоо зээл аваагүй иргэдийг хохироож байна.
Манай түр хороо орон нутаг даяар нээлттэй ажиллаж, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн зээл аваагүй, өрх толгойлсон 20,000 эмэгтэй улсын хэмжээнд байгаа гэх судалгааг бид өөрсдөө хийсэн.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дараах утга бүхий саналыг хүргүүлсэн.
Уг саналд ҮАБЗ-өөс гаргасан ахмадуудын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг УИХ хүлээн авч, хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж, ахмадуудыг зээл авсан, аваагүйгээр нь ялгаварлан гадуурхаж, цаг хугацааны хайчинд орж, буруу шийдвэр гаргасан тул бага тэтгэвэр авдаг, зээл аваагүй ахмад бид гомдолтой байна.
Бага тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арай ядан авч яваа. Иймд зээл аваагүй ахмадууддаа байгалийн баялгаа тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг Сар шинийн өмнө олгох саналыг хүргүүлж байна. Бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмад нь зээл авах гэхээр боломж муу, хүү өндөр, хамтран зээлдэгчгүй зэрэг банкны шаардлага тулгардаг.
Эдгээр ахмаддаа бэлнээр гурван сая төгрөг өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг нь дэмжих нь чухал бөгөөд ингэж бэлнээр өгснөөр дотоодын эдийн засагт ямар ч доргилт үүсэхгүй ба харин ч дотоод эдийн засгаа дэмжих юм.
Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хэсэгчлэн хориг тавьж өгнө үү гэсэн байгаа” хэмээв.