​Natural Gas World: Монголын нутгаар байгалийн хийн хоолой дамжвал хоёр хөршид нь ч өндөр ач холбогдолтой

Байгалийн хийн асуудлаар дагнан бичдэг “Natural Gas World” хэвлэлд Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийн талаарх нэгэн нийтлэл хэвлэгдсэнийг эмхтгэн хүргэж байна.
ОХУ-ын эрх баригчид БНХАУ-руу чиглэх байгалийн хийн зүүн хоолой буюу “Power of Siberia” төслийг нээснээс ердөө долоо хүрэхгүй хоногийн дараа баруун буюу Алтайн хоолойн төслийг Шиньжанаар бус Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан тавих шинэ төсөлд томоохон түлхэц өгөв.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 3-6 өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев нартай уулзсан. Үүний дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын төрийн өмчит Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер нар Оросын байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан Хятадад улсад дамжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан.
Хэдийгээр энэхүү санамж бичиг нь зөвхөн урьдчилсан тохиролцоо төдий ч нөгөө талдаа хоёр орны Засгийн газар хооронд хийгдсэн гэдэг утгаараа уг төсөл нь хурдан хугацаанд хэрэгжих өндөр төвшний анхааралд орсон гэсэн үг юм.
Энэ тухайд ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев “Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г гурван улсын мэргэжилтнүүд зургаан сарын дотор тодорхойлно” гэж байв. Харин тэрээр дараа нь “Itar-Tass” агентлагт “Одоогоор төсөл хэрэгжиж эхлэх эцсийн хугацааг тодорхойлох боломжгүй байна” гэжээ. Гэсэн ч тэрээр дараа нь яг энэ асуудлаар “Interfax” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “талууд хагас жилийн хугацаанд нарийвчилсан тооцоо хийсний үндсэн дээр хугацааны асуудлаар төрийн тэргүүн нарт санал илгээнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн өнгөрөгч есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаанбаатарт айлчилж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ энэ асуудлаар хэлэлцсэн гэж Оросын “Sputnik” хэвлэлд мэдээлж байсан удаатай. Тус уулзалтын дараагаар Владимир Путин Газпромын захирал Алексей Миллертэй уулзаж Ямалын байгалийн хийн нөөцийг Эрхүү-Улаанбаатар чиглэлээр БНХАУ-д дамжуулах ажлыг судалж үзэхийг даалгасан. Путин энэ талаар “Interfax” агентлагт ярихдаа “Энэ тийм ч хялбар бүтэх ажил биш. Гэсэн ч бодит байдлыг авч үзэх юм бол боломжтой зүйл. Хятад дахь түншүүд ч энэ санааг дэмжиж байгаа” гэх байр суурийг илэрхийлж байв.
Гол нь ОХУ-ын төрийн тэргүүний зүгээс энэхүү ажилд түлхэц өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм.
1.ОХУ-БНХАУ холбох 3000 километр урт байгалийн хийн зүүн хоолойн нүсэр бүтээн байгуулалт арванхоёрдугаар сарын 2-нд албан ёсоор ашиглалтад орсон. Энэхүү “Power of Siberia” төсөл нь БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Бээжин, Шанхай тэргүүтэй хүн ам олноор төвлөрсөн, том эдийн засагтай хотуудыг байгалийн хийгээр 30 жилийн турш хангах юм. Гэсэн ч Хятадын эдийн засгийн удаашрал, хүн амын хэт төвлөрөлт, түүнийг арилгахад чиглэсэн томоохон шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох болон агаарын бохирдолтой тэмцэх нүсэр хөтөлбөрүүдээс улбаалан тус улс нь цаашид нүүрсийг бодвол өртөг хямд, ногоон түлшний хэрэглээгээ эрс нэмэгдүүлэх хандлагатай байгаа. Тиймээс Москвагийн зүгээс Бээжинтэй байгалийн хийн экспортын чиглэлд урт хугацаанд хамтран ажиллах нь стратегийн ач холбогдолтой юм. Мөн яаравчлах хэрэгтэй.
2.Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан тавих шинэ маршрут нь өмнөх Алтайн хоолой буюу Казахстан-Монголын хилийн коридороор дамнуулан тавихаас илүү дөт бөгөөд бүтээн байгуулалтын зардал хэмнэнэ. Дээрээс нь Алтайн хоолойн төсөлд тулгарч байгаа нэг саад “UNESCO”-ын соёлын өвд бүртгэгдсэн, далайн төвшнөөс 2650 метрийн өндөрт орших Укокгийн өндөрлөгийг дайран гарах явдал билээ. Мөн баруун Сибирийн байгалийн хийг ашиглах дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд Москвагийн эрх баригчид уг нөөцөө БНХАУ-д нийлүүлэх ажлыг 14 жилийн турш хийж чадаагүй байна.  
3.Алтайн хоолой нь Хятадын томоохон хотыг хангах “Power of Siberia”-тай харьцуулахад тус улсын баруун болон төв хэсгийн хүн ам цөөнтэй, дэд бүтэц, эдийн засаг багатай хотуудад байгалийн хий нийлүүлнэ. Энэхүү бүс нутаг дахь ногоон түлшний зах зээлд аль хэдийн Төв Азийн орнууд газар зүйн давуу байдлаа ашиглан байр сууриа эзлээд буй. Туркменистан улс гэхэд өнгөрсөн жил БНХАУ-ын эрх баригчидтай Шиньжан орчмын бүс нутагт  байгалийн хий нийлүүлэх дөрөв дэх хоолойг бий болгох тохиролцоонд хүрч чадсан. Мөн олон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр зургаан жилийн өмнө Узбекистан, Тажикстан, Киргызстаны газар нутгийг дайран Хятадын баруун хэсгийг байгалийн хийгээр хангах “Line D” төсөл зарлагдсан. Уг төсөл анх 2016 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан ч хугацаа хойшилсноор 2022 оны сүүлээр ашиглалтад орохоор болсон. Хамгийн чухал нь Хятадын баруун хэсэг, тэр дундаа Шиньжан дахь үндэсний цөөнхийн бослого, эсэргүүцэл Алтайн хоолойн төсөлд бүхэлд нь саад учруулахуйц хэмжээнд хүрэх магадлалтай.
Мөн БНХАУ-ын зүгээс сүүлийн жилүүдэд тус бүс нутагт ширүүн бодлого хэрэгжүүлж буй нь маш тодорхой байгаа. Тиймээс Оросын тал Хятадад жил бүр 30 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн баруун хоолойг ийм өндөр хэмжээний эрсдэлд оруулахгүй нь лавтай.Харин Вашингтон дахь Стратеги ба олон улсын судалгааны төвийн Эрчим хүч, үндэсний аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Эдуард Чоу “Уйгарын улс төрийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндрэхээс өмнө ч Алтайн хоолойн төсөл огт хэрэгжихгүй байх олон шалтгаан байсан. Тухайлбал, газарзүйн энгийн шалтгаанаар Хятадын баруун болон төв хэсгийг хангахад шаардлагатай байгалийн хийг Төв Азийн орнуудаас нийлүүлэх нь илүү дээр байсан.
Алтайн маршрут бол анхнаасаа хэзээ ч Хятадын төлөвлөгөө байгаагүй юм. Уг маршрут нь зөвхөн Газпромын хувьд байгалийн хийн экспорт хийх бүх бололцоо нь бүрдээд байсан баруун Сибирийн нөөцийг хамгийн хурдан хугацаанд эргэлтэд оруулах гарц байсан. Яг энэ шалтгаанаас болж ОХУ, БНХАУ санал зөрөлдөж 2006 оноос хойш яригдсан Алтайн хоолойн ажил зогсонги байдалд орсон байх талтай. Харин одоо баруун хоолойг Монгол Улсын газар нутгаар дамнуулан тавих санаа хүчтэй яригдаж эхэлсэн нь Москва Алтайн хоолойн асуудалд Бээжинд бууж өгсөн гэсэн үг юм. Дээрээс нь Монголын эрх баригчид байгалийн хийн хоолойг өөрсдийнх нь нутгаар дайруулах асуудлаар удаан хугацаанд хөрш хоёр оронтойгоо ойлголцох гэж хичээсээр ирсэн. Тиймээс Монголын санааг яг одоо авч хэлэлцэх нь ОХУ, БНХАУ аль алинд нь зөвхөн хөрөнгө мөнгөний хэмнэлттэйгээс гадна тэдний бүс нутагт хэрэгжүүлж буй, геополитик, стратегийн ач холбогдолтой төслүүдэд олон талын ашигтай” гэсэн юм.   

О.Мөнхбат
Эх сурвалж: Natural Gas World 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан