Хэнтий аймаг сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ажил үйлсээрээ бусад аймгуудаасаа хол тасарлаа. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, дэлхийн жуулчдыг татах томоохон бүтээн байгуулалтын төсөл нь гараанаасаа гарчихлаа. Улсдаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаараа тэргүүлж яваа Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай хоёр оны заагт өнгөрч буй жилийнх нь ажлыг дүгнэн ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе?
Баярлалаа. Хан Хэнтий нутгийнхаа зон олонд өвлийн тэргүүн сарын мэндийг хүргэхийн ялдамд удахгүй айлчлах шинэ оны баярын мэнд хүргэе.
Энэ жил Хэнтий аймагт түүхэн онцлогтой жил болж өнгөрлөө гэж үзэж байна. Сайд дарга нар, аймаг орон нутгийн удирдлагуудын хүчээр нутаг орондоо нэлээдгүй хөрөнгө оруулалт татаж, олон арван бүтээн байгуулалт өрнөж байгааг хэнтийчүүд бахархан харж байгаа байх. Юуны түрүүнд өвлийн сар хаяанд ирлээ. Тиймээс цаг үеийнхээ ажлаас яриагаа эхэлье?
Хэнтий аймагт энэ жил улсын төсвийн 50,3 тэрбум төгрөг батлагдсан. Дээрээс нь орон нутгийн төсөв, ОНХС гээд нэмэгдэнэ. ОНХС, Замын сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 76 төсөл, арга хэмжээний 2,8 тэрбум төгрөгийг эрэмбэлж, аймгийн төвд сонгон шалгаруулалтыг нь зарласан. Нийт Хэнтий аймгийн хэмжээний Орон нутгийн хөгжлийн сан маань 5,1 тэрбум төгрөг батлагдсан. Улсын төсөвт батлуулсан 50,3 тэрбум төгрөгийн ажлаас 34 ажлыг нь эрх шилжүүлж аваад тендерийг Орон нутгийн өмчийн газар худалдан авах ажиллагааг зохион явуулаад дуусаж байна. Ер нь аймгийн хэмжээнд 2019 онд гадаадын төсөл хөтөлбөр болон гадаадын зээл тусламжаа тооцвол улсын төсөвтэй нийлээд нийт хөрөнгө оруулалт 130 гаруй тэрбум төгрөгт хүрсэн.
130 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа гэлээ. Томоохноос нь нэрлэвэл?
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн төв цэвэрлэх байгууламж барих ажилд “Комфорт Импекс” ХХК шалгараад 8,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил эхэлсэн. Ирэх жил ашиглалтад оруулахаар зорьж байна. Мөн Арабын хөгжлийг дэмжих Кувейтийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа онгоцны буудлын ажил 8,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсан. Үүнээс онгоцны буудлын барилгын ажил 3,5 тэрбум төгрөг, нислэгийн зурвас нь 5,2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Энэ ажлын тендер энэ сарын 18-нд нээгээд гэрээгээ ондоо багтааж байгуулаад, ирэх хавар эрт эхлэхээр төлөвлөгдсөн. БНСУ-ын Экспорт импорт банкны санхүүжилтээр дулааны станц баригдана. Нийтдээ Монгол улсын 10 аймаг Дулааны станцтай болно.Манай аймаг нэн тэргүүнд хоёрдугаар хэлхээний шугам сүлжээгээ өргөтгөх санал хүсэлтээ тавьж, 2019 онд 700 гаруй сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, 2020 онд нэг тэрбум төгрөгийн саналаа УИХ-д тавиад хамгийн эхний ээлжинд яваа аймгийн нэг болж байна. 10 аймгийн Дулааны станц барих нийт өртөг нь 148 сая доллар. Энэ ажлын төслийн нэгж болох Эрчим хүчний яаман дээр тендер нь зарлагдаад явж байгаа. Тэгэхээр ирэх хавар мөн Дулааны станцын ажлаа эхлүүлнэ. Хэнтий аймаг Дулааны станцтай болсноор иргэдийн ая тухтай байдал нэмэгдэхээс гадна 80-90 шинэ ажлын байр бий болно.
Аймгийн төвөөсөө гадна сумдад жигдхэн бүтээн байгуулалтууд өрнөж байна. Саяхан Өмнөдэлгэр сумаар ороод гарахад төвдөө засмал замтай болчихсон, томоохон барилгууд баригдаж харагдана лээ?
Ер нь сум бүрт 3-4 томоохон бүтээн байгуулалт баригдаж байгаа. Нийтдээ 40 гаруй ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жилээс шилжиж хийгдэж байгаа ажлууд, энэ жилийн эхэлсэн ажлууд олон бий. Үүн дотроосоо томоохныг нь дурдвал “Хүлэг Боорчи - Андлалын өргөө”, “Их Хуралдай цогцолбор”, дээрээс нь Шихихутаг цогцолбор энэ онд ажил нь эхэлсэн. Эхний хоёр нь энэ жил бараг л босчихлоо. Ирэх хавар эртхэн гүйцээгээд нээлтийг нь хийнэ. Таны хэлдэг Өмнөдэлгэр суманд энэ жил хоёр км авто зам тавигдсан. Дээрээс нь Барилга, хот байгуулалтын яамнаас эрх нь шилжиж ирсэн нэг тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй нэгдсэн инженерийн шугам сүлжээний ажил, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тендер нь зарлагдсан Соёлын төвийг буулгаж, барих ажил, цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна.
Түүнчлэн Дадал, Галшар сумын ЗДТГ-ын барилгын ажлууд энэ жилийнхээ ажлын гүйцэтгэлүүдээ хийгээд явж байна. Дархан сум, Цэнхэрмандал сумын ЗДТГ-ын барилгын ажил энэ ондоо багтаж дуусна. Биндэр сумын дэд бүтцийн ажил хийгдэж дууссан бол Улсын болон орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адрага, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумдын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж, бүрэн ашиглалтад орлоо. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Батноров, Дархан, Норовлин сумдад дулааны төвлөрсөн шугам сүлжээ тавих ажлууд үргэлжилж байна. Эдгээр шугам сүлжээний ажлууд ашиглалтад орсноор нийт 18 сумаас 12 нь нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбогдож сумын хөгжлийн үндсэн суурь дэд бүтэц бий болох юм. Мөн Улсын болон орон нутгийн төсөв, төрийн өмчит компаниудын 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 суманд нийт 92.7 км ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур СИП кабелаар шинэчилж, Жаргалтхаан, Бэрх тосгонд дэд станцыг байгуулж, иргэд ААН-ийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжрууллаа. 18 сумын төв шилэн кабелд бүрэн холбогдлоо. Баянхутаг сумын спорт залны барилгын ажил дуусчихлаа. Нийтдээ есөн суманд шинээр багийн төв барьж, зургаан багийн төвийг өндөр хүчдэлд холболоо.
Хэнтий аймгийн төв, Чингис хотод ямар ямар онцлогтой бүтээн байгуулалт өрнөж байгаа вэ?
Аймгийн төвийн замын ажил иргэдийн хувьд нэлээд хүлээлттэй ажил байсан. 2019 оны төсвийг хэлэлцэх үед аймгийн төвийн авто замын ажлыг санал болгож тавиад батлагдсан. Энэ жил 10 тэрбум төгрөгийн тендерийн ажил зарлаж, Тэгшплант ХХК 8,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 6,4 км авто зам, 3,8 км явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай, зарим томоохон газруудаар унадаг дугуйн замтайгаа иж бүрнээр нь гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн. Нийт ажлынхаа 80 хувийг гүйцэтгээд явж байна. Сэрүү орсон ч гэсэн бид явган хүний зам, гэрэлтүүлгээ үргэлжлүүл гэдэг шаардлагыг тавиад тухайн компани 14 хоног ажилласан. Гэрээний хугацаа ирэх оны долдугаар сард дуусна. Одоо сэрүү орчихсон учраас цаг агаарын нөхцөл байдлаас болж зогсоосон. Авто замын ажлыг гүйцэтгэгч Тэгштплант ХХК энэ жил 4 тэрбум төгрөг аваад 80 хувийн ажил гүйцэтгэсэн гэдгээрээ боломжийн сайн үнэлэгдэж байгаа. Тэгэхдээ гэрээт хугацаандаа ажлаа явуулж байгаа гэдгийг ард иргэд маань зөвөөр ойлгох байх аа гэж найдаж байна.
Хоёрдугаарт, Хан Хэнтий чуулгын барилга дээр энэ жил Ерөнхий сайдыг хавар ирж үүрэг өгснөөс хойш ажлын хэсгийг гурван удаа ажиллуулж, мэргэжлийн архитекторууд, Барилга хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яамныхныг ирүүлж байгаад хамтдаа уулзаж, дулааныг нь хэсэгчлэн тавьж өвлөөр ажиллуулж байна. Гүйцэтгэгч компани нь ирэх оны хавар хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн.
Шинэ барилгуудын хувьд Аймгийн төв дээр ХХҮГ-ийн барилга удахгүй дуусах гэж байна. Нэгдсэн эмнэлэг, Авто буудал, зүүн бүсийн оношилгооны төв, Стандарт хэмжил зүй, Татвар, Тагнуул, ШШГА-ны нэг цэгийн үйлчилгээний төв, Цагдаагийн газрын барилга ашиглалтад орж, иргэдэд ая тухтай орчинд үйлчилж байна.
Дээрээс нь аймгийн төв дээр ажил нь хийгдэж байгаа хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажил буюу Эрчим хүчний яаман дээр зарлагдсан дулааны шугамыг солих ажил дууссан. Өнгөрсөн жил эхэлсэн 4000 метр цэвэр усны шугамыг солих ажлын үргэлжлэл хэсгийг нь хийгээд дууслаа. Мөн аймгийн шугам сүлжээг шинэчлэх, 5-р багийн БАМ-ын айлын шугам сүлжээг шинэчлэх, нэгдүгээр багтаа аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлж, хашаажуулах ажлыг хийлээ. Ирэх жил тэнд цогцолбор баригдана. Төвийн бүх багтаа ахуйн үйлчилгээний төв барилаа. Мөн цаашлаад хуучирч муудсан, удсан барилгуудыг шинэчлэх ажлууд дэс дараатай үргэлжилж байна. Дөрөвдүгээр багийн инженерийн шугам сүлжээний ажлыг энэ жил эхлүүлсэн, ирэх жил дуусгах төлөвлөгөөтэй улсын төсөвт үлдэгдэл санхүүжилтийг суулгасан. Хувийн хэвшлийн санаачилгаар энэ жил манай аймагт 166 айлын орон сууц мөн ашиглалтад орж байна.
Ерөнхий сайд хэд хэд айлчилж, нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэсэн?
Тийм ээ. Хэнтийчүүд Ерөнхий сайдад ихээхэн талархаж байгааг энэ ярилцлагаар дамжуулан уламжилъя. Бид Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой амласан есөн ажлын зураг төсвийг хавар тавдугаар сард болсон аймгийн ИТХ-аар батлуулж, зураг төсвийг нь хийлгэсэн. Нэгдүгээр сургууль, Гуравдугаар цэцэрлэг болон Сангийн аж ахуйн шинэ цэцэрлэг, УЦУОШАлба, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын барилга, Музейн барилга, Сүрьеэгийн эмнэлэг зэрэг 9 ажил бий. Ерөнхий сайдын амласан ажлуудаас Жаргалтхааны сургууль, Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын зургийг тухайн захиалагч сумд нь өөрсдөө хийлгээд бэлэн болчихсон, 2020 оны хавар ажил нь эхэлнэ. Энэ жил мөн Дадал сумын гүүрийг засварлаж, Баян-Адрага сумын Онон голд 150 метр урттай төмөр бетон гүүр байгуулж эхэлсэн. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэхээр шийдвэрлэж, Зам, тээврийн хөгжлийн яаман дээр төслийн нэгж байгуулагдан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаад байна. Дадал суманд Дэлүүн болдог нисэх буудлын барилга 2020 оны улсын төсөвт тусгагдан хэрэгжихээр боллоо.
Өнгөрч байгаа гурван жилийн хугацаанд хэчнээн тооны барилга байгууламж баригдсан бэ?
Яг нарийн тоог нь гаргаж байна. 2017-2019 онд Хэнтий аймагт 260 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт оржээ. Зөвхөн шинээр баригдсан томоохон ажлуудаас дурдвал цэцэрлэгийн барилга 11, сургуулийн барилга 3, дотуур байр 6, Эмнэлэг 4, албан конторын барилга 13 баригдаж, түүхэн аялал жуулчлалын томоохон дөрвөн цогцолбор баригдаж эхлэн захаасаа сүндэрлэж байна.
Аймгийнхаа хөгжлийг хэрхэн харж байна вэ?
Хөгжил гэдэг бол хүнээ хөгжүүлэх, айл өрх, албан байгууллага, тухайн улс орон амьжиргаагаа дээшлүүлж, эдийн засгаа сайжруулахаар хэмжигддэг. Хэнтий аймаг ногоон хөгжлийн бодлогын бичиг баримтаа боловсруулсан анхны аймаг. Тухайн бодлогын бичиг баримтад нийгэм-соёл, эдийн засаг, байгаль орчноо онцгойлон үзэж, түшиглэн хөгжих зорилт тавьсан. Хэнтий аймгийн ДНБ 2012 онд 206 тэрбум төгрөг байсан бол хоёр дахин нэмэгдэж 425 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ажилгүйдлийн төвшин 2013 онд 17,5 хувьтай байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 11,3 хувьд хүрч буурчээ. Нөгөөтээгүүр бизнес эрхлэгчдийн маань ашиг орлого нэмэгдвэл төсвийн орлого нэмэгддэг. Түүнийгээ дагаад төсөв нэмэгддэг. Хэнтий аймгийн төсөв энэ онд анх удаа 80 тэрбум төгрөг давсан. Иргэдийн хадгаламж 90 тэрбумд хүрлээ. Хүн ам 78.000 мянгад, мал таван саяд хүрлээ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх үүднээс Хэнтий аймагт “Хоршоог хөгжүүлэх” дэд хөтөлбөр, “Хэнтийд үйлдвэрлэв” дэд хөтөлбөр, Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хөгжил өндөр хэмжээнд яригдаж буйтай холбогдуулаад “Чингис хаан брэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэд хэдэн томоохон ажлыг үр дүнтэй зохион байгуулж, Хэнтий аймгийн маань бизнес эрхлэгчдийн тоо, ашиг орлого нь нэмэгдэж байна. Жишээлбэл, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жилдээ 5-6 эвент арга хэмжээ зохион байгуулдаг. Үүнд аймаг маань өөрсдөө төсөвтөө сав баглаа боодлын тоног төхөөрөмжийг оруулж байна. Мөн нэхий элдэх тоног төхөөрөмжөөр бизнес эрхлэгчдийгээ дэмжиж байна. Төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсанаар Жерес төслөөс ногоо савлах тоног төхөөрөмжийг ногоочдын бүлгүүдэд олгуулсан. Бизнес инкубатор төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийнхээ ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс түрээсийн төлбөргүй, ашиглалтынх нь зардлыг даагаад МСҮТ дээр бизнес эрхлэгчдийгээ байршуулан ажиллуулж байна. Хэнтийн брэнд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах зорилгоор брэнд дэлгүүрийг авто буудалдаа ажиллуулж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх нь Засаг даргын үйл ажиллагааны гол чиглэл. Байгаль орчин уул уурхайн чиглэлээр бичил уурхайчдынхаа ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тодорхой газруудыг тусгай хэрэгцээнд авч, сумдад нь үүрэг чиглэл өгч, сумдын Засаг дарга нар маань нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, бичил уурхайн жоншны нөхөрлөлүүд ажлын байр шинээр бий болгож байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа гэсэн үг. Мэдээж зөрчил дутагдалтай тохиолдолд засаж залруулна, сайжруулна. Мөн Хэнтий аймаг газар нутгийнхаа 43,03 хувийг тусгай хамгаалалтад авсан. Энэ бол бусад аймгуудтайгаа харьцуулахад ч нэлээдгүй том тоо.
Дээрээс нь иргэдийн тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулж, бүтээн байгуулалтыг өрнүүлэн зам талбай, барилга байшин гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна. Бид өнгөрсөн жил, өмнөх жилүүдэд “Манай гудамж-Гэрэлтэй гудамж” хөтөлбөрийн хүрээнд цамхагт гэрэлтүүлгийг 15 газар байршуулсан бол ирэх жил мөн улсын төсөвт 400 орчим сая төгрөгийн өртөгтэйгөөр гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлэх гэж байна. Цаашлаад хямд үнэтэй орон сууцаар хангах асуудал төлөвлөгдөж байна. Метр.квадратыг нь нэг саяас доош үнэтэй орон сууцаар хангах зорилгоор Шинэ Өндөрхаан хороололдоо 48 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Дахин шинэ орон сууц эхлүүлсэн. Хувийн хэвшлүүдийнхээ шинэ орон сууцанд дэд бүтцийг нь татахад дэмжлэг үзүүлж байгаа. Дахин төлөвлөлтийн 174 айлын орон сууцны ажилд энэ жил 650 сая төгрөгөөр шугам сүлжээ татаж, гэрэлтүүлэг болон холбоожилтынх нь ажлыг хийлээ. Ирэх хавар гэхэд дахин төлөвлөлт хийсэн газартаа орон сууц бариулахаар компаниудтайгаа хэлэлцээр хийгээд явж байна. Хавар эртхэн зургаан блок орон сууцны барилгыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
Ирэх оны дүр зураг ямархуу ажиглагдаж байгаа бол?
Ирэх жил иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ үр дүнтэй хэрэгжүүлэх ажлуудыг голлон анхаарч байна. Ялангуяа цэвэрлэх байгууламжийнхаа ажлыг дуусгана. Дулааны станцын ажлаа эхлүүлнэ. Нисэх онгоцны буудлын ажлыг эхлүүлснээр жуулчдыг татах арга хэмжээ авна. Дээрээс нь улсын төсөвт 194 төсөл, арга хэмжээн дээр 144,3 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр улсын их хуралд өргөн баригдсан. Тоо буураагүй. Сангийн яамнаас авсан мэдээллээр энэ 2020 онд санхүүжигдэх ёстой Бор-Өндөр - Даланжаргалан дахь замын 45 км замын 44 тэрбум төгрөгийн ажлаас багахан хасагдсан. Бусад ажлууд бол хасагдахгүйгээр орно. Тэгэхээр 144 гаруй тэрбум төгрөгийн 194 ажил өргөн барьснаас 130 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдэх нь ээ гэж ойлгож болно. Үүнд шинээр баригдах 30 гаруй томоохон барилга байгууламж, гүүр, шугам сүлжээний ажил бий.
Сар гаруйн өмнө “Иргэний оролцоотой –Шинэ Хэнтий” төслийн хэрэгжилтийн талаар тайлант уулзалтаа хийсэн. Ямар үр дүн гарсан бэ?
Одоогоос яг нэг жил гаруйн өмнө 2018 оны 10-р сарын 14-ний өдөр шийдвэрээ олон нийтэд танилцуулж, “Иргэдийн оролцоот шинэ Хэнтий” төслийг нээж байсан. Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, тэдний санаа бодлыг сонсож, зорилго үйлс, бодлого шийдвэрээ нэгтгэн аймаг, сум орон нутгаа хөгжүүлэн өндөр хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэн ажиллаж амьдрах зорилгыг дэвшүүлж, тэр ч үүднээсээ аймгийн ЗДТГ“Тогтвортой амьжиргаа-III” төсөлтэй хамтран уг төслийг хэрэгжүүлж эхлэх үед Баян-Овоо суманд 29 аравт 6 хэсэг байгуулагдан ажиллаж байсан бол нэг жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөөгийн 545 аравт, төвийн 246 хэсэг нийт 791 аравт хэсэг, бүлэг, нөхөрлөл зохион байгуулагдаж, төрийн бүхий л шатны үйл ажиллагаа болон ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн идэвх санаачилгыг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайн сумдын онцлогт тулгуурлан ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах арга замыг сонгон хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 2017 онд 30 хувь, 2018 онд 50,3 хувийн оролцоотой байсан бол 2019 онд аймгийн иргэдийн оролцооны түвшин 75 хувьд хүрж, энэ онд дэвшүүлсэн зорилтоо таван хувиар давууллаа.
Сайхан мэдээ байна. Тайлант уулзалтаар ямар үр гарсан бэ?
Энэхүү тайлант уулзалтад манай тамгын газрын бүрэлдэхүүн, “Тогтвортой амьжиргаа-III” төслийн чадавх бэхжүүлэх мэргэжилтнүүд, албан байгууллагуудын дарга эрхлэгч нар, бүх сум, багийн Засаг дарга нар, ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэргүүний аравт хэсгийн ахлагч нараас бүрдсэн 350 шахам хүн оролцсон. Бид өнгөрсөн зургадугаар сараас 10-р сарыг хүртэл бүх сум, баг, аравт, хэсгийн дунд болзолт уралдаан зохион байгуулж, амжилттай ажилласан сум, баг, аравтуудаа урамшуулсан. Үр дүнгийн хувь хэдхэн жишээ дурдая. Баянмөнх сумын Дулаан багийн “Баялаг Ундраа” малчны бүлэг нь бэлчээрийн хортон үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хамтдаа зохион байгуулж, мал сүргээ тарилга угаалгад бүрэн хамруулж, үүлдэр угсааг нь сайжруулах талд идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа хүүхдийн цэцэрлэгт сүү цагаан идээний дэмжлэг үзүүлдэг сайн жишээ гарсан. Биндэр сумын Баян-Өндөр багийн “Баянбүрд” бүлэг нь 22 өрхтэй. Тэд хамтдаа шинээр 2 гүний худаг гаргаж, 4 худаг шинээр засварлаж, 3 өрхдөө өвөлжөө хаваржаа барьсан байна. Мөн бүлээрээ хуримтлалтай болж, гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангаж эхэлжээ.
Цэнхэр мандал сумын Согоот багийн “Хамтын хүч” аравт нь 25 малчин өрх нэгдэж, Хэрлэн гол дагуу 5 га газарт овьёос, царгас тариалж эхний ургацаа өрх бүрдээ тэнцүү хуваарилж, цөөн малтай айл өрхөө дэмжиж, хүүхэд багачуудаа ажилд суралцуулах, тэднийгээ урамшуулах ажлыг зохион байгуулсан байна. Ер нь нэг бүрчлэн тоочвол олон сайн туршлага ярьж болно. Хөдөлмөрөө хорших, хадлан тэжээлээ бэлтгэх, хамтарч тэмцээн уралдаан зохиох, нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх гэх мэтчилэн асар үр бүтээлтэй, хариуцлагатай болдог нь харагдлаа.
Ярилцсанд баярлалаа. Ард иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ?
Танай хамт олонд баярлалаа. Ойрын жилүүдэд Хэнтий аймаг түүхэндээ байхгүй хөрөнгө оруулалт татсан, бүтээн байгуулалтын он цагууд үргэлжилж байна. Манай хэнтийчүүд ч үүнийг харж, мэдэрч сэтгэл өег байгаа байх. Энэ түүхэн хөрөнгө оруулалтуудад Хэнтий нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүр оролцож байгаад таатай байна. Иргэд маань нийгмийн амьдралд шүүмжлэлтэй хандахаасаа илүү оролцоотой болж, өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулахын төлөө, нэг нь нийтийнхээ төлөө хөдөлмөрлөж, “Би” гэсэн хувь үзлээсээ салж “бид” гэсэн үзэл хандлагыг төлөвшүүлж байна. Хан Хэнтий нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэе гэж уриалъя аа.