Лидерийн эрэлд


Улс төр шинэ залуу үеийг хүсэж байна.
Зорилгынхоо төлөө зүтгэхдээ зүтгэж, буруу эргэлтэн дээр тоормоз гишгэж чаддаг лидерүүд улс төрд үгүйлэгдсэн цаг хугацааг бид туулж байна. “Шинэ үеэ дэмж” гэсэн уриа лоозон мэт үгийг захын хүн хэлж чадах ч залуусаа гаргаж ирж, ачаа үүрүүлдэг, өөрөө эрх мэдлийн уралдаанаас татгалзаж чаддаг, бодлого ярьдаг, хэрэгжүүлдэг, хөгжүүлдэг лидерүүд хэрэгтэй байна.
Ийм лидерээр нийгэм цангаж байх. Нэгэнтээ улс төрийн намаар дамжиж албан тушаалд хүрдэг учраас Монголын намууд шинэчлэгдэх цаг үе ирснийг рейтинг нь жил ирэх тусам буурсаар ирсэн тоон үзүүлэлтээс харж болно.
Тогтоол ус удахаараа үнэр ордогтой адил аливаа үйл явц хөгжил, хөдөлгөөн байнга сэлбэгдэж, сэргээгдэх ёстой байсан нь өнгөрсөн 29 жилд төрийн эрх мэдлийг ээлжлэн хэрэгжүүлж ирсэн өнөөгийн томоохон улс төрийн хүчнүүдээс харагдаж байна. Үсээ хараар будаад үеэ өнгөртөл саарал ордноос салдаггүй дарга нарын буруу үлгэр  дуурайлаар залуус ямар ч үнэ цэнээр хамаагүй намд зүтгэе гэх бодолд хөтлөгдөх болжээ.
Нам дагавал амьдрал дээшилдэг гэсэн ойлголттойгоор шинэ зуун, мянганы улсыг авч явах бидний үеийнхэн аж төрж байна. Хүн ам цөөтэй, буурай хөгжилтэй оронд улстөржилт хүчтэй байгаа үед бүлэглэл, фракц, гишүүнчлэлтэй, гишүүнчлэлгүй нэг нийгэмлэгт хуваасан хуваагаагүй улстөржилт хүчтэй хэвээр байсаар.
Хөгжлийн зарчмаа тогтож чадахгүй байгаагаас өнөөдөр улстөрчийн ёс зүй, ёс суртахуун яриад сууж байна. Одоо бид зарчмаа тогтохын тулд хүнээ боловсруулах шаардлага үүсжээ. Бүх зүйл хүнд байна.
Тодруулбал, төр төлөөлж, ард түмний мандат өвөртөлсөн түшээд ёс зүй, мораль, мэдлэг боловсрол, төлөвшилтэй байж байж залуу үе үлгэрлэж, өсөж бойжих нь. Гэтэл манайд улстөрчдийн ёс зүйгүй үйлдэл Монгол төрийн нэр хүндийг шавартай хутгалаа. Энэ нь нийгмийг хоёр талцуулж, олон нийтийн сүлжээгээр онилсон нэгнээ “саарлаар” будаж, ардчиллын хөрс суурь суусан ч бүрэн гүйцэд бойжиж амжаагүй сэтгэхүйд стресс, бухимдал болж очиж байна.
Эргээд залууст буруу үлгэрлэл үзүүлж буйн хамгийн тод жишээ. Үүнийг дагаад улстөрчдийн, улс төрийн намын нэр хүнд өдрөөс өдөрт унаж, нөгөө л худал хэлж, хоосон амлагч, цэцэрхэгчид гэх уур бухимдал халгисан ард түмэнтэй улс болж хувирлаа, бид.
“Төрийн ордонд 76 худалч, хулгайч нар суудаг юм шүү гэж захын нэг нь үр хүүхдэдээ хэлж суугаагаас төрд сонгогдож байгаа хүн бүрээс ёс зүйн код нэхэх шаардлага үүсэж байна.
Хүн бүр өөрийн чаддаг, дуртай ажлаа хийвэл хэчнээн сайхан байдаг билээ. Яг үүн шиг ашиг сонирхолд дөрлүүлсэн олз хайгчид улс төрд орсноор өнөө бидний хайгаад байгаа ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйл алга болчихжээ.
Бизнесмэн хүн улс төрд ороод өөрийнхөө бизнест ашигтай хууль гаргуулъя гэнэ. Тиймээс бизнесмэн нь бизнесээ, дуучин нь дуу^аа, жүжигчин нь жүжигчнээ хийгээд явах нь нийгэмдээ оруулж байгаа том хувь нэмэр. Ингэхгүй байгаагаас мэриймтгий, дайчин, хичээнгүй чанар дагалддаг ёс зүйгээ орхигдуулж улстөржсөнийнхөө горыг өнөөдөр эдлээд сууж байна гэвэл үнэнээс хол зөрөхгүй л болов уу.
Академич, хуульч Б.Чимид агсан “Парламентад суух эрхийг ард түмнээс олж авсан, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдэлтэй болж байгаа гэдэг утгаараа өөртөө өндөр хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгох ёстой” хэмээн нэгэнтээ хэлж байжээ.
Энэ үгийг ягштал мөрддөг улстөрч өнөөдөр хэд байгаа бол. Нэгэнт тогтоох ёстой энэ хандлагыг шийдвэр гаргагчид мэддэг ч хэрхэн яах учраас олохгүй харагдах. Арга ядахдаа намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг дор байх ёстой гэдэг жишиг рүү ойртуулж байна.
“Улс төр өөрөө эгнээгээр явдаг. Энэ эгнээнд гурван үе гар гараасаа бариад зэрэгцээд зогсох учиртай. Энэ бол хэн нэг нь ширээний голд, нэг хэсэг нь ширээний буланд, зарим нь бүр хаалганы гадна зогсох тухай биш.
Ачаагаа хуваалцаж үүрэх, ажлаа хамтарч хийх тухай юм” хэмээн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэг бус удаа хэлж байсан. Тэгэхээр улс төрд шинэ залуу үеийг ч гэсэн үлгэрлэж хамт авч явахдаа “Энэ хүн ямар үнэт зүйлтэй вэ.
Бидний улс төрд тавьж байгаа өндөр босгыг давж чадах уу” гэдэг асуулт эхлээд байх ёстой юм шиг. Хэрэв энэ босгыг давж чадаж байвал лидерүүд нь араасаа түрж, улс төрийг нь урагш түлхэх ёстой юм биш үү. Ийм шинж чанаргүй бол тойргийн гадна үлдээх маягаар залуу, дунд, ахмад үегүй амбицаасаа татгалзаж чадах шинэ дүр, соёл л манайд үгүйлэгдсээр байна.
Сүүлийн 20 гаруй жил хоёр том улс төрийн намын толгойд явж ирсэн 50,60-аад оныхноос уйдах хандлага нийгэмд ажиглагдаж байна.
Мэдээж хэрэг гадныхантай харьцуулбал улс төрд энэ нас залуудаа орох ч манай улстөрчдийн нэр холбогддог асуудлууд рейтинг нь ард түмний дунд нэр цэвэр дараагийн үе гарч ирэх ёстой гэх сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Нөгөөтэйгүүр монгол хүний дундаж наслалттай ч энэ холбоотой байж болох юм.
Товчхондоо, цаг хугацааны мөчлөгөөрөө үе солигдох процесс нийгэмд зайлшгүй явагддаг. хэн нэгэн эрх мэдэлтнийг дагасан ашиг сонирхлын бүлэглэлүүдийг бага ч атугай халахын төлөө явах нь шинэ гарч ирж буй үе чацуутнуудын үүрэг болоод байгааг дурдмаар байна. Түүнээс хоцрогдсон форм, технологиор явж, явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө ажиллавал улс төрийн намуудад шинэ үе гарч ирэх ч шаардлага байхгүй юм.
Эх сурвалж: С.БАТЗАЯА, ҮНДЭСНИЙ ШУУДАН
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан