Гутайн ордыг ашиглах гээд голуудыг газрын зургаас хассан байв


Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутгийг дамнан оршдог Гутайн даваа орчмын газар нутаг нь Чингисийн үеийн түүхэн дурсгалт газруудаас гадна, нэн ховордсон ан амьтан, эмийн өвс ургамал зэргээрээ алдартай билээ. Гачлантай нь тэндэхийн хөрсөндоор байгаа шар, цагаан алтыг ухаж авах гэсэн гадаад, дотоодын шуналтангууд тэр хавийн байгаль орчныг юу ч үгүй болтол сүйтгэсээр байна. Уг нь өнгөрсөн хавар, зунаар УИХ-д Хэнтий аймгийн иргэдийг төлөөлж суугаа Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар очиж, тэрхүү сүйтгэлийг нь нүдээрээ хараад “Гутайн даваа болон энэ хавийн газрыг тусгай хамгаалалтад авна. Алтны компаниудын лицензийг цуцлана” хэмээн том дуугарч байгаад буцсан байв. Хэрвээ Гутайг ингэж  унаган төрхөөр  нь хамгаалан авч үлдэж чадвал  Онон мөрнөөс ундаалж буйАмар мөрөн хүртэлх Монгол, Оросын дал гаруй сая иргэд болон онгон тансаг байгаалиа бүхэлд нь хамгаална гэсэн үг юм. Гэвч өнөөгийн төр засгийнхан тэнд алт ухаж байгаа “Ю Энд Би”, “Айвуун тэс”, “Гутайн даваа” буюу хожим “Пегматит манинг”  гэж нэрээ өөрчилсөн компаниудын эзэдтэй хуйвалдан Онон голын эх ундарга болсон  Гутайн даваа, түүний дэргэдүүр урсаад Онон мөрөнд нийлдэг Гутай, Арангат, Шургадагийн голуудын газрын зургийг Монгол улсын гол мөрнүүдийн мэдээллийн сангаас устгаж хаяад луйврын ажлаа үргэлжүүлсээр байгаа ажээ.
Гутайн давааны алтны ордыг анх ерөнийлөгч асан П.Очирбат эзэшиж байгаад бусдад худалдсан гэдэг боловч зарим иргэдийн ярьж байгаагаар мань хүн ард нь “муур багш” үлгэрийн баатар болоод сууж байдаг гэнэ. Олны үг ортой гэдэг. Энэ үнэн болов уу. Түүнчлэн Монголын Уул уурхайн ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан Дамба гэгч нь тэдгээр компаниудаас хувь эзэмшин, хууль бус малталт хийж,  Онон мөрөнд цутгадаг тэдгээр голуудын ай савын ой модыг хайр найргүй хяргуулахдаа бүхэл бүтэн уулын бэл, энгэрийг тэр чигт нь ухаад хаячихжээ. Мөн Шургадагийн голын урсгалыг өөрчлөн, хажууд нь байгаа нутгийн айлуудын хадлангийн газрыг хүртэл ухсан байх юм. Ер нь сүүлийн арваад жилийн турш нутгийн иргэд нь алтны төлөө ийнхүү улангасан дайрч буй хүмүстэй тэмцээд дийлэхгүй байгаа аж. Тэд Онон мөрнийг хамгаалахын төлөө төр засагт дуу өөрсдийн хоолойгоо хүргэсээр ирсэн байна.
Ер нь хуулийн дагуу ойн сантай давхцалтай алтны ордуудын лицензийг цуцлах нь зүйн хэрэг юм. Харамсалтай нь дээрх компаниудын захирлууд  ихэвчлэн байгалиас хулгай хийж баяжсан, урьд нь нэг бус удаа эрүүгийн хэргээр ял сонсож явсан, одоо ч бас хашрахгүй Батширээт сумын “Уяачдын холбоо, “Үндэсний бөхийн холбоо” зэрэг төрийн бус байгууллага, дарга даамлууд болон иргэдэд  өнгөрсөн оноос хойш дор хаяж арваас хорин сая төгрөг өгч хахуульдан байгаль орчны үнэлгээ болон лицензтэй холбоотой бусад  баримт бичгүүдээ хуурамчаар дахин бүрдүүлээд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэгт хүргүүлж амжсан байна. Тэр бүү хэл Д.Ганхуяг гэгч нь Батширээт сумын иргэдэд нэг тэрбум төгрөг өгнө гэж амлан Гутайн  ордын лиценцийг хуйвалдаанаар авч үлдэхдээ тус сумын Онон багийн иргэдийн  хурлын зөвшөөрлийн бичгийг хуурамчаар хийлгүүлж, баахан хүмүүсээр гарын үсэг зуруулсан байв. Мөн төрийн яам, тамгын газруудад нь ч түүний гар хөл бологсод  мундахгүй олон байдаг юм байна.  Жишээлэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж байсан Г.Нямдаваа нарын зэрэг хүмүүс нь  “Пегматит манинг” компанийн 51 хувийг эзэмшдэг Д.Ганхуяг болон түүний төрсөн ах Д.Ганболд нартай илэрхий хуйвалдан лиценз  олгоход “Татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийж өгсөн нь одоо бүр гай болоод ажээ. Д.Ганхуягийн эхнэр Г.Ариунзаяа, ах Д.Ганхуяг нар нь хоёр жилийн өмнө Хятад руу хулгайн аргаар 133 тонн самар гаргах гэж байгаад хил гаалийн цагдаа, тангуулынханд гардуулан, ял сонсож байсныг зарим нь санаж байгаа байх. Гэвч тэд дээд шатны шүүхээр зарга хийж явсаар сүүлдээ торгуулсан болоод өнгөрчээ. Харин тэгвэл одоо тэд  Гутайн даваанаас хүнд даацын машинаар их хэмжээний алттай шороо ачин Багахангай руу зөөсөн хэргээр Хэнтий аймгийн цагдаад мөрдөгдөж эхлээд байна.
Харин ийм үл бүтэх эрүүгийн элементүүдийг хаацайлж хамгаалсан эрх мэдэлтэнгүүд нь саяхан Гутайн давааны алтны ордын лиценцийг хураахын оронд тэнд комисс томилж ажиллуулах нэрээр хуйвалдан алт олборлох үйл ажиллагааг нь дэмжсэн шийдвэр гаргасан нь олон түмний дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Уг нь хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Биндэр суманд очоод иргэдэд “Богдын хишиг” маягаар баахан чихэр тараахдаа “Гутайн давааны лицензийг цуцлана. Та бүхэн санаа зовох юмгүй” хэмээн малилзаж байсансан. Мөн түүний дараагаар удалгүй Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь “Гутайн даваа болон түүний хажууд алт ухуулахгүй. Лицензийг нь цуцлах шийдвэр гаргаж байгаа” гэж сүртэй нь аргаггүй мэдэгдэж байв. Гэтэл сүүлдээ У.Хүрэлсүх, Н.Цэрэнбат нарын  ам, ажил хоёр нь алд дэлэм зөрж, Онон мөрөн урьдын адил бохирдох аюултай тулгарах болжээ. Энэ бүгдээс үзэхэд өнөөх үхэхээс айдаггүй У.Хүрэлсүх болон түүний албатууд  нь Д.Ганболд, Д.Ганхуяг мэтийн эрүүгийн хүнд гаруудаас айгаад яаж ч чадахаа больсон юм шиг байна.
О.Баяр
Шуурхай.мн 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан