Улс төрийн намууд тал талаасаа Ажлын хэсэг гарган зөвшилцөх нэрийн цаана “Сонгуулийн тухай хууль”-ийг хэрхэн ашигтайгаар эргүүлэх тохиролцоо ярьж сууна. Ийм л цагаар өрсөлдөгчдийн нэр албан ёсоор тодроогүй ч орон нутагт тойрог горилогчид тэнүүчилсэн ийм л өдрүүд үргэлжлэх аж. Нөгөө талаар намуудын дарга нарын үүд ч мандатанд дугаарлагсадын хөлд дарагдах төлөвтэйг бидэнд дуулгав.
Тиймээс бид энэ удаагийн “Сонгууль-2020” буланд Хэнтий аймгийг онцоллоо. Саяхан нөхөн сонгуулийн сургаар үймэж байсан Хэнтий аймагт УИХ-ын 42 дугаар тойргоос бусдыг дархалсан гэж болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тойргоо баттай хамгаалалтад авсан Л.Оюун-Эрдэнэ нарын тойрогт халдах зүрхтэй хүн одоохондоо алга. Өнгөрөгч хугацаанд тойргоо ч төсөл хөрөнгөөр булж орхисныг монголчууд мэдэж байгаа учраас нуух хэрэггүй. Эртнээсээ “Улаан тойрог” хэмээн алдаршсан Хэнтий аймаг долоон удаагийн сонгуульд АН-аас Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын хоёрхон хүн ялалт байгуулж байсан түүхтэйгээс харахад “Улаан” гэж нэрлэхээр өөр аргагүй.
Харин энэ удаад АН-ынхан цэнхэр туг хатгахаар төлөвлөгөө зохиосон ч газар авахгүй байна. Өнөөгийн нөхцөл байдалд ч цэнхэр талаас зодоглочих бөх алга. Удаа дараа өвдөглөсөн ч эс хашрах М.Хүдэрбаатар, Засаг дарга асан Ж.Оюунбаатар гэсэн нөхдийг ахиад л МАН-аас дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарын аманд хаяж өгөхөөс өөр ямар ч дүр зураг харагдахгүй байгаа юм. Нөгөө талаас “Улаан” тодотголтой энэ тойрогт АН-аас зориглон очих нөхөр ч алга. Уг нь 2016 оны сонгуулиар Ж.Оюунбаатар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай 42 дугаар тойрогт өрсөлдөөд ялагдсан учраас энэ тойрогт санаархаж байгаа ч байдал өөрөөр эргэсэн.
Учир нь Хэнтий аймгийн АН-ын үүрийн дарга Ш.Батдэлгэр гэх хэн ч үл таних нөхрийг 42 дугаар тойрогт илгээх нь гарцаагүй гэдгийг хэллээ. Биндэр сумын харъяат Ш.Батдэлгэрийн хувьд удаа дараа өвдөг шороодоогүй нэр цэвэр бөгөөд намын дарга С.Эрдэнээс чамгүй дэмжлэгтэй гэх мэдээллийг бидэнд өгсөн. АН-ын найдлага бол эзэнгүй байгаа 42 дугаар тойрогт горилж байгаа ч тус тойрогт Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга М.Батбаяр хэмээх бизнесмэн залууг ах намаас сойно гэнэ. Ах намаас ч юу байхав. Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ сайдын төсөл хөтөлбөр буюу орон нутаг дахь ажлыг гүйцэтгэдэг нөхөр учраас 42 дугаар тойрогт яваад очиход хамгийн магадлал өндөртэй. “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд тус аймагт хамгийн их хөрөнгө татсан. Энэ бүхний цаана Гүйцэтгэх засаглалын тэргүүн байгаа гэх боловч гол хүнээр Л.Оюун-Эрдэнэ сайд тодорч байгааг нуух юун. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ аймагтаа рейтинг өндөртэй яваа залуу улстөрч. Аймагтаа бүү хэл Монгол Улсад рейтинг өндөртэй яваа гэж болно. Ийм өндөр рейтингээр хөтлүүлээд 42 дугаар тойрогт очиход нэг суудал чирээд ирэх болов уу. Мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг өдгөөгийн Засаг дарга Н.Ганбямба бол өрсөлдөхгүй, хал үзсэн энэ улстөрч орон нутагт бууриа сахиж үлдэх намын даалгавартай гэх. Энэ тухайгаа ч шууд бус утгаар хэлж байсан. Тэгэхээр тойргоо дархалсан Б.Бат-Эрдэнэтэй мандат булаалдах нөхөр одоогоор намд нь байхгүй учраас Хэнтий аймагт МАН-аас өрсөлдөгчдийн нэр тодорч байна гэхэд болно.
Одоогийн байдлаар Хэнтий аймагт 220 орчим тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс ирэх онд 133.7 тэрбумыг нь шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Хэдийгээр батлагдаагүй төсөв ч энэ тоо хэвээрээ батлагдах нь ойлгомжтой. Тухайлбал, Батноров сумын Бэрх тосгонд зөвхөн ирэх онд л гэхэд 17-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж 11 төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс гадна өнгөрөгч хавар Дадал сумын “Дэлүүн Болдог” нисэх буудлын нисэх буух зурвасыг өргөтгөн аялал жуулчлалын чиглэлд ашиглах үүргийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Хэрэг эрхлэх газрынхаа даргатай хамт газар дээр нь үүрэгдээд ирсэн гээд олон зүйл бий. Энэ бүх эерэг тусгал гагцхүү МАН-аас нэр дэвшигчдэд оногдоно гэхээр яах аргагүй дархан байдлаа хадгалж үлдэх дүр зураг бууж байна.
Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймагт хийж гүйцэтгэсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, оруулсан хөрөнгө оруулалтаас цухасхан дурдахад АН өөрийн эрхгүй бүдгэрнэ. Энэ тойрогт МАН, АН гэсэн хоёр намын дунд л өрсөлдөөн болж таарна. Бусад жижиг намууд горилох хэрэггүй ч МАХН гэж томоохон санал хуваагч гарч ирнэ. МАХН улсын хэмжээнд АН-аас дутахгүй рейтинг өндөртэй явааг хэд хэдэн удаагийн судалгааны дүн харуулна лээ.
Тэгвэл Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж асан С.Жаргал МАХН-ын нэр дээрээс горилж байгаа ч намын удирдлагууд тэс өөр төлөвлөгөөтэй байгааг дуулгав. Ерөнхийлөгчийн сонгуулиар өөртөө бол ялалт байгуулчихсан С.Ганбаатарыг илгээх сураг бий. МАХН-ын рейтинг, хувь улстөрчийн рейтинг хоршихоор аль ч намын өрсөлдөгч тийм ч амар өвдөглүүлчихгүй. Гэхдээ С.Ганбаатар гурван жилийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар өндөр авсан рейтингдээ найдаад байгаа нь алдаа байж болох юм. С.Жаргалын хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад буусан цагаас хойш гурван ч нам сольж нэр дэвшсэн, өнгөрөгч 2016 онд гэхэд МАХН-ын нэр дээрээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон нөхөр. Өдгөө Баянзүрх дүүргийн АН-аар үе үехэн үзэгдэх болсон түүнийг чухам ямар намд харъяалалтай болохыг хэлэхэд тун хэцүү, туйлбаргүй нөхөр. Магадгүй Н.Энхбаяр 42 дугаар тойргийг “харамласан” учраас ийн орох байх газраа олж ядан гүйж яваа байх. Мөн Хэнтий аймагт хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн нээлтийн ажиллагаан дээр сууж байгаагаас харахад МАН-ыг бараадаад тоогдох эс тоогдохоо үзэхээр шийдэв үү, эсвэл нутаг татаж явна уу гэдгийг ч ойлгоход бас бэрх.
Нөгөө талаас Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Хүдэр-Ян өнгөрөгч сонгуулиар Ногоон намыг орхиж, УИХ-ын гишүүн асан Г.Уянгын үүсгэсэн Тусгаар тогтнол, эв нэгдэл намаас нэр дэвшиж, эцэг нь тус намыг дэмжиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Эцэг нь гэснээс Б.Хүдэр-Ян нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү гэдгийг дуулгах учиртай. Ерөнхий сайд асны хүү үе үехэн Хэнтий аймагт аяны дөрөө чилээн аавыгаа ярьж нутаг усаа дурсах болсон тухай хэнтийчүүд ярьдаг. Одоогоор тэр Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд данстай байгаа гэх боловч Хэнтий аймагт хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөлд чамгүй үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг дуулгасан. Энэхүү төсөлд Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам ямар ч хамаагүйгээс үзвэл Б.Хүдэр-Ян ууган намын харъяанд орсон ч юм шиг. Энэ бүгдээс эргэцүүлэн харахад Хэнтий аймагт нам угшил үл хамаарах улс төр яваад байна уу гэж хардаж болохоор. Ерөөсөө өнгөрөгч өвөл, нөхөн сонгуулийн сургаар тус аймагт зочлогчдын тоо олон болсон бөгөөд нэгэнт нөхөн сонгууль болохгүй нь тодорхой болсон ч энэ эрч буураагүй аж. Тэгэхээр дархлагдсан тойргоос дайжсан нөхөд эзэнгүй байгаа 42 дугаар тойрог руу эрчээ бууруулахгүйгээр ирэх сонгуулийн тоос үзэх сонирхол байгаа нь харагдана.
Zindaa.mn