Хэнтий аймагт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байна


Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ  өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ынхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхөн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр  оролцож байна. Халхын голын байлдаанд арын албанд ихээхэн үүрэгтэй оролцсон тус аймгийнхан баярын олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь БНМАУ-ын  баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөө байлаа. Дурсгалын хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг манай аймагт тэмдэглэн өнгөрүүлж байгаад нутгийнхаа зон олны өмнөөс талархал илэрхийье. Манай аймаг Халхын голын байлдаанд зоригт хөвгүүдээ олноор илгээхийн зэрэгцээ агт морь, хоол хүнс гээд арын албанд чухал үүрэгтэй оролцсон байдаг.
 
 
Түүх ч мэднэ" хэмээн онцлов. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Хэнтий аймгийн ард иргэдэд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөг нээх ёслол боллоо. БНМАУ-ын хамгийн анхны баатар бол Ш.Гонгор. Халхын голын байлдааны ар талын бааз, хангалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан аймаг бол яахын аргагүй Хэнтий аймаг юм. Халхын голын байлдааны ялалтын 70, 75 жилийн ойн баярыг мөн энэ аймгийнхан ёслол төгөлдөр тэмдэглэж байсан түүхтэй" гэж ярилаа.
 
 
БНМАУ-ын баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав "Миний ахын байгуулсан алдар гавьяаг өнөөдөр дурсан санаж байгаад тун баяртай байна. Аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагуудад маш их баярлалаа. Миний ах анчин хүн байсан. Олондоо нэр хүнтэй хүн байлаа. Ахын маань гэрэлт хөшөө царай төрхтэй нь адилхан байна" гээд Монгол Улсын төр засаг баатруудаа хэзээ ч мартаж болохгүй гэлээ.
 
 
Баярын арга хэмжээ өнөөдөр баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилнэ. 
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг мөн маргааш Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ. 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан