Онцгой байдлын ерөнхий газар өнөөдөр нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 1990 оноос хойш 29 жилийн дараа хийж байгаа энэ сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв.
Энэ удаагийн иж бүрэн сургууль нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг нь гарахаас нь өмнө урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Гамшиг тохиолдсоны дараа эрсдэлийг бууруулна гэж ярих нь оройтсон хэрэг. Иймд иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн амь нас, эд хөрөнгөө, бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцах шаардлагатай. Хэдийгээр төсөв мөнгөний хүндрэл байгаа ч иргэдийнхээ амь нас, амьдралтай холбоотой энэ асуудлыг шийдэхийн төлөө бүх шатандаа хичээж, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхийн төлөө онцгой анхаарна гэдгийг Ерөнхий сайд хэлэв.
Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, өнгөрсөн 10 жилд 260 мянган удаа газар хөдөлсөн байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдөлж байсан бол 2013 онд энэ тоо 10 дахин өсчээ. 2019 оны эхний гурван сарын байдлаар 261 удаа газар хөдлөлт болсон нь 2018 оны эхний гурван сартай харьцуулахад 70 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Маргааш буюу 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07 цагаас 09 цаг 30 минутын хооронд Улаанбаатар хотын машин техникийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, 08 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Энэ хугацаанд газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ард иргэдийг аюулгүй цэг, талбайд шилжүүлэх зэрэг дадлага, сургууль хийх юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.