Улаанбаатар хотын нэг өдөр үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнаж бас чихэлдэж өнгөрдөг. Удахгүй их дээд, сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын хонхны баяр эхэлж хот хөдөөгийн олон мянган иргэд нийслэл хотод цуглардаг. Бүгд өөр өөрийн гэсэн өнгө аяс зорилготой. Өчигдөр, өнөөдөр, маргааш өөр өөрийн үйл явдлыг хадагаласан дурсамж, түүхийн хуудастай. Энэ бүгдийг ажиглах эсвэл огт ажрихгүй өнгөрөх нь нийслэл хотын өдөр бүрийн үйл явдалд дасан зогцож ууссан ажилчин бидний хувьд шинэ зүйл биш. Тэгэхдээ өглөө ажилдаа явж орой ажил тархад цорын ганц зүйл огт өөрчлөгдөхгүй олон жил өнгөрсөн. Тэр нь намайг автобусны буудлаас өглөөдөө үдэж оройдоо тосдог хэдэн өрвийсөн нөхөд билээ.
Өглөө эрт 06.30 гээд ажилдаа явахад тэд цугларч эхэлдэг. Орой 22:00 цагийн үед очиход тэд олуулаа болчихсон байж л байдаг. Тэдний өглөө эрт нойроо хугаслан босож буй шалтгаан нь ердөө л архи уух. Нойроо хугаслах гэж зөнгөөрөө сэрцгээдэг гэсэн. Учир нь архи уухгүй л бол нойр нь хүрэхээ болчихсон юм билээ. Авууштай тал нь тэд гэр оронтой, гэр бүлтэй хүмүүс. Харамсалтай нь тэднийг хэн ч хайхардаггүй. Цагтаа зарим нь өндөр албан тушаал хашиж байсан боловсролтой хүмүүс байсан юм билээ. Тэдний архи уух болсон шалтгаан нь ердөө л нийгмийн буруу гэнэ. Харин би огт тэгж бодсонгүй. Юунд ч итгэхээ больсон сэтгэлийн тэнхээгүй хүмүүс л гэж ойлгосон. "Амьдрах ганцхан шалтгаан байна. Тэр нь хайрлах" хэмээн нэгэн цагт яруу найрагч Б.Баттулга хэлж байсан нь санаанд ордог юм. Тэд болохоор хайрлах сэтгэлээ гээсэн хүмүүс. Тэгэхдээ тэднийг буруутгаж зэмлэх нь буруу. Учир нь ямар ч гэм хоргүй, хулгай дээрэм хийдэггүй хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүс рүү чиглэсэн ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуултын хариулт өнөөдөр дутаж байгаа юм.
Дээрх хүмүүсээс гадна манай улсын согтууруулах ундааны хэрэглээ бүүр хэрээс хэтэрчхээд байгаа. Согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид эхний тавд орж байна. Архины хэрэглээ өндөр учраас түүнийг худалдаалах, борлуулах, үйлдвэрлэх газрууд ч олширсон. Шөнө оройн цагаар дамлаж зарах нь ч элбэг. Хүнсний дэлгүүрүүдийн борлуулалтын дийлэнх хувийг архи согтууруулах ундаа эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч тухайн хүнсний дэлгүүрүүд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах хувиартай байдаг. Гэтэл цагаа хэтрүүлэн шөнө оройн цагаар тухайн согтууралах ундааны үнийг 20-30 хувиар нэмж дамнан зарах тохиолдол олон бий.
Цаашлаад архидалт нь хүчирхийлэл, гэр бүл салалт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагаврын шалтгаан болдог гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Архи уусан ааг омгоосоо болж эхнэр, хүүхдэдээ гар хүрэх гэмт хэрэгт орооцолдох тохиолдол олон бий. Энэ хэрэг одоо ч буурахгүй байна. Түүнээс гадна эрүүл мэнд, амь насанд заналхийлж байдаг шүү дээ. Дэлхийн төвшинд 15-59 насны эрчүүдийн нас баралтыг ихэсгэж байдаг хамгийн гол хүчин зүйл бол согтууруулах ундаа гэсэн. Согтууруулах ундаанаас улбаалан жилдээ дунджаар 3.3 сая хүн нас бардаг гэнэ. Дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ жилд таван литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа нь өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн бидний хойч үе болсон залуучуудын дундах архины хэрэглээ буурахгүй байгаа гэж албаны хүн хэлсэн. ЕБС-ийн 12-17 насны хүүхдийн дунд архины хэрэглээний талаар судалгаа явуулахад архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэж хариулсан хүүхэд цөөнгүй байсан бол 11 орчим насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн хариултыг өгч байсан. Мөн монголчуудын нэг буруу зуршил нь баяр ёслолын үеэр архийг заавал хэрэглэх ёстой гэсэн ойлголт юм. Ямар ч баяр ёслол хамаагүй архидалт газар авч тухайн баярыг хавтгайруулан тэмдэглэдэг. Энэ тал дээр хяналт тавих, хууль эрхзүйг чангатгах нь зүй ёсных юм. Дээр дурдсан, удахгүй хонхны баяр болно. Оюутан залуус минь архинаас татгалзаарай гуйя. Сархад савнаасаа бусдыг ...
Г.Мягмарсүх
Эх сурвалж: Erennews.mn