Эрдэнэт үйлдвэр өөртөө ямар ч хэрэгцээгүй байхад 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 15 сая ам.долларыг, мөн өдөр дахиад 15 сая ам.долларыг нийт 30 сая ам.долларыг өөрөө зээлээд 2006 оны тавдугаар сарын 26-ны өдөр, 2006 оны есдүгээр сарын 29-ний өдөр Зээл шилжүүлэн ашиглуулах тухай гэдэг хоёр гэрээ байгуулж өөрөө нэг ч цент авахгүйгээр “Жаст” группт шилжүүлсэн байдаг.
Тэр мөнгөн дүнг өөрийн худалдааны трейдер гээд байгаа Ocean Partners компанийн зэсийн баяжмалын орлогоор төлж барагдуулсан байдаг. Тэр мөнгөө 2008 он хүртэлх хугацаатай “Жаст”-ын Ш.Батхүүгээс авч байсан ган бөмбөлөг, бэлдэц, нефтийн бүтээгдэхүүнээр бартер хийж төлж барагдуулсан. Эрдэнэт Жаст-д зээл авч өгч байсан, мөн 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 20 сая ам.долларын зээлийг Жаст групп Стандарт банкнаас авсан. Тэр зээлийн мөнгөн хөрөнгөд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан байдаг. 2009 оны долдугаар сарын 8-нд олгогдсон тэрхүү зээлийн мөнгөн хөрөнгөөс 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 20 сая ам.долларын зээлийн тодорхой хэсэг нь төлөгдсөн байдаг баримт бий.
Ер нь худалдааны трейдер гэх 13 компанийн алийг ч хардах үндэслэл олдох биз. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр 2016 онд MRI traiding зэсийн баяжмал худалдах гэрээ хийсэн байдаг. Түүнийгээ тус үйлдвэрийн удирдлагууд ямар ч үндэслэлгүйгээр цуцалчихсан. Цуцалснаасаа болоод арбитрын шүүхээс 8.3 сая ам.долларын торгуул төлөх үүрэг хүлээсэн. Дээх шийдвэрээсээ болж авах ёстой 27 сая ам.доллар авч чадалгүй царцаагдсан тохиолдол бий. Ocean Partnersбол АНУ-ын компани байснаа хожим нь Английн гэгдэх болсон, Эрдэнэтээс зэсийн баяжмалыг Хятад руу зардаг трейдер компани. Тэд Стандарт банкны 112 сая ам.долларын авлагыг 40 сая ам.доллараар худалдаад авчихлаа. Энэ боломжийг тэдэнд Эрдэнэт үйлдвэр сайн дураараа олгож өөрөөр хэлбэл дундын зуучлагч авахгүй шууд төлж болох байсаар байтал “хавсайдаж” хамсаатан болов. Үүний дунд Эрдэнэт үйлдвэр зуучлагч компанид юу алдах вэ. Наад захын жишээ гэхэд 100 саяын өртэй бол урьдчилгаа 30 хувийг төлж баяжмалын гэрээ байгуулдаг журамтай. Тэгэхээр өртэй нь харьцуулаад үзэхэд 300 сая ам.долларын гэрээ хийсэн байх магадлалтай.
Ocean Partners-ийн ард хэн байдаг вэ?
Хамгийн сонирхолтой нь энэ компанийн хувьцаа эзэмшигчээр нь АНУ-д амьдардаг, Монголд ирж очиж ажилладаг Мөнхбаяр гэдэг монгол хүн байдаг аж. Түүнийг Эрдэнэт үйлдвэртэй зэсийн баяжмалын гэрээ хийх, худалдан авахад нь ХЗДХ-ийн сайд асан тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн нөлөөлдөг. Харин энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн төлөх өрийг төлөх, шүүхийн маргааныг шийдэхэд байгуулдаг эвлэрлийн гэрээг хэн, хэнтэй, хэрхэн байгуулсан нь сонирхолтой төдийгүй заавал тогтоох ёстой асуудал. Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай байгуулсан уу, эсвэл зуучлагч компани Ocean Partners-тай байгуулсан уу гэдгийг олон нийтэд үнэн зөв мэдээлэх л учиртай.
Эрсдлийн санд өр төлж барагдуулах боломж байх ёстой
“Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдлийн сан гэдэг нь 2016 онд байгуулагдсан, тус үйлдвэрийн цэвэр ашгаас уг өртэй холбоотой эрсдлийг тооцоолж уг санг байгуулсан гэдэг. Тэнд одоогоор хэдэн төгрөг байгаа нь нууц. Эрдэнэт үйлдвэрийн нууц хадгалах журам гэгчид энэ талаар хатуу заасан байдаг. Цэвэр ашгийн хувьд 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 320.8 тэрбум, 2018 онд 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Эрсдлийн санг цэвэр ашиг 27 тэрбум байх үед байгуулсан гээд бодоход эрсдлийн сангийн хөрөнгө уг өрийг дарж хүрэлцэх боломжтой. Нэмж хэлэхэд “Монголын зэс корпораци”-ийнхан 49 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлсэн хугацаанд 2016 онд хэмнэлт дөрвөн тэрбум төгрөг, 2017 онд 21.3 тэрбум төгрөг, 2018 онд 25.1 тэрбум төгрөгийг худалдан авалтаасаа хэмнэсэн.
“Жаст”-ын Ш.Батхүү өрнөөсөө төлөлцөх үү?
Мэдээж “Жаст”-ын Ш.Батхүү төлнө гэдэг. Харин улстөрчдөд түүгээр өөрөөр нь төлүүлэх сонирхол үнэн хэрэгтээ байгаа эсэх нь эргэлзээтэй. Түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгчийн Хадгаламж банкинд оруулсан 84 тэрбум төгрөг минь хаана байна вэ гэдгийг тогтоогоод өгөөч гэдэг. Төрийн банк Хадгаламж банкны активыг хууль бусаар шалгаж тогтоох ёстой гэдэг. “Эрдэнэт үйлдвэрийг арбитрын шүүхэд ялагдуулсаныг шалга, Олон-Овоотыг шалга” гэдэг хэмээн үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг уламжлаад шүүгчээс татгазах хүсэлтээ шүүхэд гаргасан. Мөн тэрбээр “Стандарт банкнаас авсан зээл Арбитрын шүүхэд ялагдсан 100 гаруй сая ам.доллар төлөх боллоо гэж ярьж байна. Энэ чинь 250 орчим тэрбум төгрөг. Ш.Батхүүд учирсан хохирол. Тэгвэл Ш.Батхүүд учирсан хохирлыг тооцохоор нэг их наяд төгрөг болдог” гэж хэвлэлд ярьсан.
Энэ хугацаанд шүүх, прокурорын байгууллагууд ч солигдлоо. ХЗДХ-ийн сайдтай он удаан жилийн найз нөхөд ч юм уу, байраа түрээслүүлдэг найз ч юм уу “Алтжин Бөмбөгөр”-ийн захирал Г.Алтан энэ хэрэгт холбогдох нь байтугай Төрийн банкнаас авлагатай гэж яриад байгаа. Эцсийн бүлэгт “Ш.Батхүү хамгийн том хохирогч байжээ” гэж тайлбарлаад муу нэртэй “49 хувийнхны” олсон ашиг, хэмнэсэн хэмнэлтээс байдал бүр бишдсэний дараа байгуулсан “Эрсдлийн сан” гэгчээс Засгийн газрын шийдвэрээр Ш.Батхүү түүний цаадах том дээрэмчдийн өрийг дараад өнгөрөх юм биш биз гэсэн хардлага төрж байна.
У.Оргилмаа. 2019.04.08