Ш.БАТХҮҮГИЙН ТАРЬСАН БАЛАГИЙГ ЦАЙРУУЛДАГ ЮМ БОЛ ЯДАРСАН ИРГЭДИЙНХЭЭ ӨРИЙГ ТЭГЛЭЖ ӨГ


“Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн л мөнгө гэж байдаг" гэж нэг үг бий. Олон нийт бухимдалтай шүүмжлэлтэй байна.

Өнгөрсөн баасан гарагт уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас Ш.Батхүүгийн тарьсан балагийг цайруулж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 40 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа.
Энэ татвар төлөгч ард түмний мөнгө. Гэтэл энэ мөнгөөр Ш.Батхүү нарын хувьдаа авсан мөнгийг Монгол Улс төлчихлөө. Хэлэх муу үг, муухай үйлдэл алга. Арай ч дээ.

Өнгөрсөн баасан гарагт гадаад дахь өрөө төлж барагдууллаа хэмээн гавьяа байгуулсан мэт Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд мэдээлэл хийв.

Тэд “Харин ч өр барагдуулсанд баяр хүргэх ёстой. Энд нам энэ тэр гэж яриад яах вэ, сайн ажиллаагүй бол 100 гаран сая ам.доллар төлөх байсан юм шүү” гэж айлгаад ч байгаа юм шиг, туниад ч байгаа юм шиг зүйл ярьж болох юм уу.
Нэг хүний хариуцлагагүй байдлаас болж Монгол Улсад учруулсан хохирлыг хэн төлж барагдуулах вэ гэхээр одоо “Хууль шүүхийн байгууллага сайн ажиллаж учрыг олох байхдаа, бид мэдэхгүй” гэх юм.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг байж баталгаа гаргаж өгсөн хүний хүүхэд нь өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Өнөөх өр тавьсан нөхөр нь өөрийн хөрөнгөө Алтанд шилжүүлчихсэн. Өнөөдөр байгаагаас чихрийн шижин өвчин байна гээд хэнэг ч үгүй сууж байгаа Ш.Батхүү. Дан ганц энэ хэд байгаа юм биш. Цаана нь өчнөөн хүн байгаа юм.  Ер нь боддоо зээл авсан гэх эзэн нь Ш.Батхүү гээд байгаа болохоос яг үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлын цаана томчууд байгаа юм биш үү. Тэгээд л өөрсдийнхөө өрийг дажгүй улсын мөнгөөр дарчихсан байх.

Тухайн үед дээрх үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал “Эрдэнэт” үйлдвэр нэг ч төгрөг төлөх ёсгүй, бууж өгөх болоогүй, хуулийн хамгаалалт байгаа гэж мэдээлэл хийгээд байхад яагаад үл ойшоов, тоосонгүй вэ.

Улсаар тавьсан өр зээлээ төлүүлдэг юм бол жирийн ядарсан ард иргэдийнхээ өр зээлийг тэглэж өгөөч хэмээн ард түмэн бухимдаж байна. Аргагүй шүү дээ. Ядарсан ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө явдаггүй мөртлөө яагаад яамбаласан дарга нарын “ялыг” Эрдэнэт үйлдвэр үүрч, хүлээх ёстой гэж.

Олон жилийн өмнө өр зээл тавьсан өнөөх Ш.Батхүү нь өнөөдөр өөрийн гэх өв хөрөнгөгүй, байсан хөрөнгөө хүмүүст тараагаад өгчихсөн "ялаа үүрье" гээд сууж байгаа. Тэр хүн ял үүрч, шоронд хоригдож харагдлаа юу. Сахарын өвчин нь эцсийн шатандаа орсон гэх шалтгаанаар ял завшаад гараад ирэх байх гэж олон нийт хардаж буй.

Ингэж улсын хөрөнгийг үнэгүйдүүлж, өөрийгөө гэм зэмгүй болгож, 40 сая ам.доллар ийнхүү будаа болгов.  Та боддоо, 40 сая ам.доллар монгол мөнгөөр хэдэн төгрөг бэ. Энэ мөнгөөр юу хийж болох байсан бэ.

Бодот зүйлтэй жиших юм бол 100 гаруй цэцэрлэг, сургууль барих мөнгө мөн. Ингэж авлигачид, албан тушаалтнууд улсыг цөлмөж дээрэмдэж, тонодог юм байна.

Хөрөнгөгүй болсон гэх тэдэнд хөрөнгө бий. Ард түмэн олны өмнө эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж, ясыг нь цайлгаж байгаад учруулсан хохирлыг нь барагдуулж, 40 сая ам.доллараа буцааж олж авъя гэж байна. Энэ үнэн.

Тэдний учруулсан хохирлын өмнөөс боломжоо алдсан ард түмэн нулимсаараа цусаараа хариуг нь төлөх ёсгүй юм.
Адгийн хулгайч, луйварчдын хийсэн гэм нүгэлийг гэмгүй иргэд яахаараа хүртэх ёстой гэж.

Тэд ард түмний баялаг болох газар, эрдэс баялагийг хулгайгаар зарж байдаг. Тендер байсан ч авч байдаг. Байгалийн баялаг ч байсан хамж байдаг. Үл хөдлөх хөрөнгө ч байсан хувьдаа өмчилж байдаг. Зээл ч байсан хулгайлж байдаг ямар эрх мэдэлтэй, дархтай хулгайчууд бэ.

Нийт иргэдийнхээ эрх ашгийг бус өчүүхэн биенийхээ төлөө хулгай хийж худлаа ярьж, үр удмаа хорлож, улсаа үгүйрүүлж байдаг улаандаа гарсан луйварчдад хэлэх ч үг алга даа.

Одоо хулгайч нартай хатуу тэмцэх хуулийн байгууллагуудад л найдахаас. Эрүүгийн хуулиар тэднийг хатуухан шийтгэж яллахыг харах үлдлээ. 

О.Гэрэл
Оллоо.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан