Япон улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд дөрвөн аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн гэрээг өнгөрсөн сарын 28-нд үзэглэсэн юм. Уг арга хэмжээнд төслийг хэрэгжүүлэх аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирсэн байв. Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцсон юм.
Япон улсын Элчин сайд Масато Такаока: “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх аймагт зочилсон
Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын дөрвөн аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах буцалтгүй тусламжийг эхлүүлэх гэж буйдаа талархаж байна. Энэ төслийг оролцуулаад Япон улсын Засгийн газар 2018 оны санхүүгийн жилд Монгол Улсад хэрэгжүүлэх 19 дэх төсөл болж байгаа юм. Харин 1990 оноос хойш Монголд хэрэгжүүлж буй 542 дахь төсөл гэдгийг дурдах хэрэгтэй байх. Монгол Улсад ажиллаж байгаа бусад улсын дипломат төлөөлөгчдөөс тус улсын сургууль, цэцэрлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан тоогоороо би хэнд ч гүйцэгдэхээргүй болсон байх. Учир нь миний бие “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх аймагт зочилсон. Бид саяхан 10 түргэн тусламжийн машиныг хандивлахын зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төвийн засварын ажлыг хийхээр болсон. Мөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн төсөв хүрэлцэхгүй болоход Монгол Улсын Засгийн газраас тодорхой хувийг гарган үргэлжлүүлэн хийхээр болсонд баяртай байна” гэсэн юм.
Баянхайрхан суманд эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна
Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аймгуудын Засаг дарга нар Япон улсын Засгийн газраас орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг төслүүдийн үр шимийг иргэд шууд хүртэж байгаад талархлаа илэрхийлсэн юм. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ “Завхан аймгийн Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлыг санхүүжүүлэхээр энэ гэрээнд гарын үсэг зурлаа. Баянхайрхан сум нь нийслэлээс мянга гаруй, төвөөсөө 260 гаруй километр алслагдан оршдог. Дунджаар 1800 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ эмнэлгийн барилга 1989 онд баригдсан ч өнөөг хүртэл огт засвар хийгдээгүй байсан. Тиймээс иргэд тойргийн сумдын эмнэлгүүдэд очиж үйчлүүлэх хүндрэлтэй нөхцөл үүсээд байсан юм. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх тухай бидний саналыг Японы Элчин сайдын яам хүлээн авч нутгийн зон олонд минь үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Бид ч мөн тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж энэ ажлыг хамтран хийнэ. Намар гэхэд манай Баянхайрхан сумын ард олон эрүүл мэндийн үйлчилгээг тавтай тухтай хүртэх боломж бүрдэх гэж байгаад баяртай байна. Дэлгэр зуны цагт Завхан аймагт минь морилон саатаарай” гэсэн юм.
Дээрх дөрвөн төслийн нийт дүн 310 мянга 598 ам.доллар буюу 796 сая 122 мянган төгрөг болж байгаа аж. 2018 оны Япон улсын санхүүгийн жилд (2018.04.01-2019.03.31)-нд “Өвсний үндэс” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 19 төсөлд нийт дүн нэг сая 299 мянган ам.доллар буюу гурван тэрбум 238 сая төгрөгийн тусламжийг үзүүлжээ.
Японы томоохон төсөл, хөтөлбөрүүд
Сурвалжлагынхаа төгсгөлд тодотгон хэлэхэд, одоогоос 30-аад жилийн өмнөх зах зээлийн үе, хоосон лангуутай дүр зургаас Монгол Улс өнөөдрийн хөгжлийн шинэ шатанд хөл тавихад Япон улс голлох үүргийг гүйцэтгэжээ. 1990 оноос өнөөг хүртэл гадны орнуудаас манай улсад үзүүлж буй тусламжаар тэргүүлсээр байгааг албаныхан хэлж байв.
Монгол Япон хоёр улсын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа буюу 1977 онд “Говь” ноолуурын үйлдвэр байгуулах буцалтгүй тусламж үзүүлснээр Япон улсаас манай улсад үзүүлэх зээл, тусламжийн цуваа эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш өдийг хүртэл 500 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм байна. Тухайлбал, манай улсад томоохон бүтээн байгуулалт болж буй “Улаанбаатар хотод олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”, “Цэций салхин станц барьж байгуулах төсөл”, “Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл”, “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”, “1000 инженер” зэрэг төслүүдийг дурьдаж болно.
Б.ТУУЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин