Хулгайч нар төрд үүрлэсэн юм бол улс орон өндийхгүй нь ойлгомжтой биш үү?

Хагас жаран өнгөрчихлөө, улс орноо босгоё
Өнгөрөгч 1 дүгээр сарын 10-нд “МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний нэгдэл” нэртэй том жагсаал болов доо. Жагсаалд оролцсон нэгэн хижээл эр “Би 1990 онд 26-хан настайдаа энэ талбай дээр жагсаад явж байсан. Тэр цагаас хойш 30-аад жил өнгөрчихөөд байхад өвгөн би мөн л шударга ёс яриад орилоод явж байгаадаа үнэхээр харамсч байна” хэмээн ихэд уурссаныг зурагтаар олон хүн үзсэн юм билээ. Үнэндээ эргээд харахад тодорхой хүрээнд л гэхээс нийгэм, эдийн засагт зарим талаар ухралт хийчихэж. Сүүлийн 30-аад жил ээлжлэн төр засгийн эрх барьсан нөхдүүд шударга ёсыг мандуулж, ард түмнээ жаргаах талаар шөнө бүр зүүдэлтэл ярилаа. Үнэмштэл уйллаа. Бүр зодолдлоо. Муу муухайгаа дуудалцаж, хулгай дээрмээ “гайхуулцгаалаа”.
Харин ард түмэн итгэлээ, хүлээлээ, тэвчлээ, цөхөрлөө. Одоо тэсрэх л үлдээд байх шиг байна. Бүхэл бүтэн хагас жаран өнгөрчихөөд байна шүү дээ.
Ард түмний төлөөлөл АИХ-ын 450 депутатын баталсан 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулийн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх тухай онцгой заалтыг суурь утгаар нь хэрэгжүүлэх талаар дорвитой зүйл тун бага хийжээ. Үүнийхээ төлөө явсан бол ард түмний амьдрал 30 жилийн өмнөхөөс дор орох уу? Маргах хүн байвал захын хорооллуудаар яваад үз. Талхыг таллаж, ургамлыг тосыг граммлаж, төмсийг ширхэглэж авах хэмжээнд очтолоо олон хүний амьдрал доройтжээ. Өвлийн хүйтэнд дайрч бээрсэндээ юу ч хамаагүй түлж умгар муу гэрээ дулаацуулах өрхийн тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Бараг 20-иод жилийн өмнө баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, утааг бууруулах чиглэлээр өлгөөд авчихмаар юу хийв?  Ажлын байр нэмэгдэж байгаа талаар амаа олохгүй бурж, өөрсдийгөө сайн ажиллаж байгаагаа сайрхан магтаагүй  Засгийн газар байхгүй дээ. Үнэндээ ажлын байр нэмэгдсэн юм бол яагаад ядуурал буурахгүй байна вэ? Албан тушаалтнуудын хий хоосон ярианаас илүү “Ажилтай хүн орлоготой. Орлоготой хүн хоосон хонохгүй” гэдэг тэр логикоор асуудлыг онцолж харах цаг болжээ.
Айл гэрийн өнгөтэй өөдтэй явах нь шууд л гэрийн эзнээс хамаардаг. Эцэг хүн  өрх бүлийнхээ уураг тархи, оюун санааны төв нь байх ёстой. Тэгж чадахгүй бол тухайн айлын амьдрал ямар байх нь дэндүү тодорхой. Уураг тархи амьдралаа удирдах хэмжээнд зөв ажиллахгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Түүнтэй яг адилхан төрийн эрх мэдэлтнүүд энэ улсын эцэг нь, бас уураг тархи, сэтгэл зүрх нь. Гэтэл мань томчууд ухаан бодол, сэтгэл оюунаа ард түмэндээ хангалттай үнэнчээр зориулж чадаагүйг өнөөгийн саарал нийгмийн бараан амьдрал харуулж байна. Яавал ард түмэнд таалагдах үг хэлж, үйлдэл хийх вэ гэдэг популист эрх ашиг томчуудын хөлийг тушаад байгаа нь нэг талаас нууц биш. Одоо ийм хандлагаа өөрчилж, нүдээ нээ! Сонгуулиас сонгуулийн хооронд МАН, АН-ыг ээлжлэн сонгож ирсэн нь ард түмэн туйлбаргүйдээ биш илүү өөрийг хүссэндээ л тэр гэдгийг ухаар! Дэлхийн хөгжил цагаар биш бараг л минутаар яригдаж, хөгжингүй оронд 70-аас дээш насныхныг өндөр настанд тооцох талаар ярьж эхлээд байхад бид өнөөх л утаагаа ярьж, өдөр хоногийн хоолны хэрүүлээ хийсээр л байна. Хүний хөгжлөө нэгдүгээрт тавьдаг улс орон цэцэглэн манддаг гэдгийг хэзээ ухаарч амин хувийн эрх ашгаа хойш тавих юм бэ?
Улс орны эдийн засаг сульдаж, өр зээл тамтгаа алдсан талаар шийдвэр гаргагчид ярихдаа өмнөх эрх баригчдаа буруутгадаг жишиг тогтлоо. 1998 онд Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрийг баталж, төр засгийн бодлогын залгамж чанарын талаар ярьдаг хэрнээ сонгуульд ялсан намын бодлого л бүхнийг тодорхойлж ирлээ. Тогтвортой хөгжлийн асуудал сайхан зан нь хөдлөхөөр л хааяа дурсаад өнгөрдөг бэлэг тэмдэг төдий зүйл биш шүү дээ. Эрдэм боловсролтой нь биш эд хөрөнгөтэй нь өндөр сэнтийд залардаг сөрөг жишиг хэдийнэ тогтож үр дагавар нь бүлэглэл хоорондын дайнаар илрэх шинжтэй. Ийм мафижсан тогтолцоог өөрчлөхгүйгээр дахиад 30 жил өнгөрөхөд бүх зүйл бахь байдагтаа байх нь.  Магадгүй тухайн үед улсын маань хувь заяа хаашаа эргэсэн байхыг хэлж мэдэхгүй.
Яг ямар салбараа дэмжин мөнгө босгож бусад секторуудаа тэтгэх талаар чухам хэний Засгийн газар тоймтой зүйл ярьж байсныг үнэндээ шуудхан хэлэхэд хэцүү юм. Салбарын эрдэмтэн мэргэд,  судлаач, мэргэжилтнүүдийн ярьж хэлж ирснээс иш татвал их мөнгө уг нь уул уурхайд л байна.
1996 онд Ерөнхий сайдаар томилогдсон М.Энхсайхан эдийн засгийг либералчлах асуудлыг хөндөж, улмаар тухайн үеийн УИХ Ашигт малтмалын тухай анхны хуулийг баталж билээ. Үр дүнд нь уул уурхайн салбарт гадаад, дотоод хөрөнгө оруулалт нэвтэрч, улсын төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ ч нэмэгдсэн гэдэг. Ямар ч  байсан уул уурхай хөдөлгөөнд орж эхэлснээр төсвийнхний, ялангуяа эмч, багш нарын цалинг цагт нь тавихтайгаа болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ төр засгийн уул уурхайд баримтлах бодлого цэгцтэй бус, ойлгомжгүй байснаас салбарынх нь нэр хүндийг унагаах үзэгдэл гарч, энэ нь Ашигт малтмалын тухай болон бусад дагалдах хууль, тогтоомжуудад үе үе өөрчлөлт оруулах хэмжээнд хүргэсэн юм. Төр засаг нь тогтворгүй, хууль эрхзүйн таатай бус орчин хөрөнгө оруулагчдыг “шүүрдэж” эхэлсэн талаар захын геологич ярьж байна. Уул уурхай бол тэргүүлэх  салбар гэж дээдэлдэг хэрнээ төрөөс дэмжих тал дээр учир дутагдалтай явж ирсэнийг харамсан шүүмжилж байна. Уул уурхайгаа зөв гольдирлоор нь хөгжүүлээд, орж ирэх мөнгөөр нь бусад салбараа тэтгэж хөгжүүлье гэдэг санааг мэргэжилтнүүд гаргадаг ч дээр очоод л унтарчихдаг бололтой юм. Бизнесмэнүүд төрд гарч улстөрийн бодлого  боловсруулаад байхаар уул уурхай яаж зөв зарчмаар хөгжиж, баялагийн зөв хуваарилалтын тухай ярих билээ. Боломж муутай л харагдаад байгаа юм даа.
Албан тушаалтнуудын хувьд ард олон, ялангуяа орон нутгийн иргэдийн дургүйцлийн нөлөөгөөр тэдэнд таалагдахын тулд уул уурхайг үзэх үзэл хандлагаа яаж л бол яаж өөрчилдөг. Үнэхээр байгалийн баялгаа ашиглаж хуримтлал үүсгэхгүй гэвэл өөр ямар салбараа хөгжүүлж, эдийн засгаа тэтгэх вэ гэхээр дээрээс бас л тоймтой зүйл үл сонсогдоно. Уг нь судлаач, эрдэмтдийн яриад байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй гаргалгаануудыг урт хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон ашиглах цаг хэдийнэ болсон шүү дээ. Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан эдийн засагч Намжилдоржийн Энхбаяртай 2016 онд болсон Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр  ярилцахад “Энэтхэг, Бангладеш, Вьетнам, Филиппин зэрэг орнууд хөгжлийн харьцангуй зөв чиглэлээр явж байгаа гэж бид ойлгож байгаа. Саяхан УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлого урт хугацааны тогтвортой бодлого байх ёстой. Манай нэг төрлийн түүхий эд дээр тулгуурласан эдийн засаг гадаад зах зээлээс маш их хамааралтай. Цаашдаа эдийн засгаа тогтворжуулах тэр арга замыг бодож олох ёстой. Хөгжлийн бодлогодоо тавьж буй гол зорилго бол уул уурхайн салбартай дүйцэхүйц шинэ салбарыг илүү түлхүү хөгжүүлэх нь зөв гэдэг чиглэл рүү хандах ёстой. Манай эрдэмтэн судлаачид хөдөө аж ахуйн салбарыг аж үйлдвэрийн салбартай хослуулж хөгжүүлэх нь зөв гэж харж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулаад аж үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн, тэр тусмаа өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа улс орон олон байна. Тухайлбал, Чили улс өмнө нь хөгжүүлж байгаагүй хөдөө аж ахуйн салбарыг шинээр бий болгоод, огт үржүүлж байгаагүй загас үржүүлж экспортод гаргаж байна. Ойрх Дорнод Ирак улс гэхэд хилим загасыг үржүүлээд экспортод гаргаж байна шүү дээ. Ийм боломж бидэнд ч хангалттай бий” хэмээн шинэ соргог санаа хэлж байсныг энд зориуд дурдахад илүүдэхгүй. Ингээд бодоод байхаар эдийн засгаа хөгжүүлэх нэгдсэн нэг том хөтөлбөртэй болохгүйгээр урагшаа явахгүй нь тодорхой болжээ.
Хамгийн харамсалтай нь тэртээ 1990 оны шинжилтийн гэгдэх үед яригдаж байсан эдийн засаг, нийгмийн хямрал өнөөдөр ч үргэлжилж байна.
Үүнийг авлига хээл хахууль, хууль бус хувьчлал, тендерийн луйвар, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлүүд шил шилээ даран сөхөгдөж байгаатай холбож үзэхээс өөр аргагүй. Төрийн түшээд, албан тушаалтнууд нэг нэгнээ хулгайч хэмээн цоллох нь хэвийн үзэгдэл боллоо. Хулгайч нар төрд үүрлэсэн юм бол улс орон, ард түмэн өндийхгүй нь ойлгомжтой биш үү?
Д.Лхагвадорж
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан